Ж.Раднаабазар агсны 100 жилийн ойд зориулсан тоглолт болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Монголд циркийн сургууль, циркийн урлагийн үндсийг тавьж, үүсгэн байгуулсан гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын 100 насны ой энэ онд тохиож маргааш циркийн залуу уран бүтээлчдийн тоглолт болох гэж байна. Ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн бөгөөд түүний хүү, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Р.Энхбазар аавынхаа 100 насны ойд зориулж “Тэнгэр эцэгтээ өргөх дуун” тоглолт зохион байгуулсан юм. Харин ойн арга хэмжээ энэ оныг дуустал үргэлжлэх бөгөөд ойн хүрээнд түүний отгон охин Р.Нарантуяагийн аавынхаа амьдрал уран бүтээлийн талаар бичсэн “Шарласан хуудаснаас амилах аавын минь дүр төрх” ном хэвлэгдэн гарах юм. Мөн 100 жилийн ойд зориулсан дурсгалын медаль болон ойд зориулсан үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг хөтөлбөрүүд төлөвлөгдсөн аж.

МУГЖ Ж.Раднаабазар Түшээт хан аймгийн Дайчин чин ван Ханддоржийн хошуу буюу өнөөгийн Булган аймгийн Халиун сумын Хархужирын голд Жамьянгийн долоон хүүхдийн отгон нь болон 1912 онд мэндэлсэн бөгөөд ЗХУ-д циркийн мэргэжлийн сургуулийг 1938 онд төгсөж ирээд 1940 онд Циркийн сургууль, 1941 онд Монгол Улсын анхдугаар циркийг нээжээ. Богино хугацаанд Монгол циркийг үндэслэн байгуулж, асар их оюун ухаан, хөдөлмөр зарсныг нь үнэлэн, түүнийг 1943 онд гавьяат жүжигчин цолоор шагнасан байна. Ж.Раднаабазар цэл залуу 37 насандаа зуурдаар нас барсан бөгөөд тэр үед отгон хүү Энхбазар нь хоёр ойтой, отгон охин Нарантуяа нь эцгийгээ нас барснаас хойш 20 хоногийн дараа мэндэлсэн аж.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top