О.Лхагвадорж: Удмын хэлхээ холбоогоо Монголчууд мартчихлаа шүү дээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Овог, ураг удмын хэлхээ холбоог сэргээх үндэсний их хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах түр зөвлөл өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

“Салхин сандаг” хөдөлгөөний тэргүүн Ж.Түдэвдорж Монголчууд ураг удмаа мэдэхээ больсноос уламжлал, ёс заншлаа алдаж дуусах нь. Иймд ураг удмын холбоогоо сэргээе гэсэн утга бүхий захидлыг сар гаруйн өмнө олон нийтэд илгээсэн байна. Ингээд уг санаачлагад тулгуурлан 20 орчим ТББ нэгдэж Үндэсний холбоог байгуулж их хурал хийхээр бэлтгэж байгаа юм байна. Хурлаар овог ургийн холбоог сэргээх ач холбогдол, төрөөс ямар бодлого барих, үндэсний холбоо байгуулах зэргийг бүх ард түмнээрээ хэлэлцэх аж. Гэхдээ хурлыг цөөн хэдэн сайн дурынхан, ТББ хэлэлцэх асуудал биш юм гэдгийг түр зөвлөлийнхөн онцолсон. Ингээд Овог, ураг удмын хэлхээ холбоог сэргээх үндэсний их хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах түр зөвлөлийн гишүүн О.Лхагвадоржтой ярилцаж хийж буй ажлаас нь тодрууллаа.

-Монголчууд ураг төрлөө хадгалах, хамгаалах тал дээр түлхүү ярьдаг. Харин зохион байгуулах гэж буй энэ хурал овог, ураг удмын хэлхээ холбоог сэргээх талаар хэлэлцэх гэж байгаа юм байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өөрөөр хэлбэл удмын хэлхээ холбоогоо Монголчууд мартчихлаа шүү дээ. Өндөр өвөг, элэнц, хуланцаа мэдэх хүн маш ховор байна. Ураг удамгүй хүн гэж байхгүй. Иймээс ураг удмын санг сэргээх шаардлагатай болж байгаа юм л даа.

-Түүхээ сөхвөл Монголчууд ураг төрлийн байдлаа хэрхэн хадгалж, хамгаалж ирж байв?

-21 оны хувьсгалаас өмнө бол маш сайн хадгалагдаж байсан байдаг шүү. Тодруулбал, есөн үеэ мэддэг байсан. Нууц товчоонд Чингисийн үеийн ураг, овгийн төрлийг ямар тодорхой бичсэн байдаг билээ. Гэтэл одоо бол өвөө аваасаа цааш мэдэхгүй болчихсон байна.

-Ураг төрлийн байдлаа мэдэхгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Нэгдүгээрт гадны төрийн бодлого их байна. Улс үндэстнийг устгах арга хэрэгсэл нь овог үндэстнийг устгах болсон байна шүү. Том хөршүүдийн бодлогоос болсон. Манжийн сүүл үе хүртэл ийм бодлого явж байсан шүү дээ. Коментерний бодлого байна. Язгуур угсаа сайтайг нь устгаж байсан. Үүнээс эхлээд л мартагдаж, хаягдаж эхэлсэн дээ.

-Үүнийг сэргээх боломж хэрхэн харагдаж байна вэ?

-Байлгүй яахав. Хамгийн эхлээд архивын материалд түшиглээд нилээд зүйлийг сэргээж болох юм. Мөн боловсролын тухай хуулинд хэдэн үеэр нь ургийн бичиг хөтлөх дадалд сургана гэсэн хөтөлбөр тусгах, архив иргэдэд нээлттэй үйлчилдэг зэргээр сэргээх боломжтой. Гагцхүү төрийн бодлого байж хэрэгжих боломжтой юм байна. Сайн дурын байдлаар хэн нэгнийг ургийн бичгээ хөтлөөч гэхэд үр дүнд хүрэх боломж муу шүү дээ.

-Иргэд ургийн бичиг хөтөлье гэхээр энэ талын мэдлэг, мэдээлэл хомс тал ажиглагддаг. Тэгэхээр энэ тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Өнөөдөр ураг удмын хэлхээг сэргээх чиглэлээр ажилладаг ТББ алга байна. Гэхдээ хэдэн хүн нийлээд ТББ байгуулаад явна гэхээр бүтэхгүй. Тэгэхээр Үндэсний их хурлаар ураг удмын холбоог сэргээх үндэсний холбоог байгуулахаар ярилцаж байгаа. Үүнээсээ аргачлал, зааварчилгаа гаргаж, төрд тусалж байдаг байх юм.  Гэхдээ төрөөс цалинждаг төрийн том аппарат байх шаардлагагүй. Харин мэргэжлийн хүмүүс ажилладаг зөвлөдөг л байхад чиглэх ёстой байгаа юм. Тэгэхээр хуралд цөөн хэдэн хүн биш нийтээрээ оролцох шаардлагатай байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top