Их найрал ертөнц дахиныг цочроов

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал хөгжимчид 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан, анхны тоглолтоо хийсэн гэдэг. Тиймээс энэ онд орчин цагийн үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой болж байгаа юм. Энэ хүрээнд тус чуулгынхан “Рок, поп оддын хуралдай”, “Монголын сайхан орон”, “Наадмын үдэш”, “Тал нутгийн Ариранг” зэрэг тоглолтоо зохион байгуулсан. Тэгвэл өчигдөр хүндэтгэлийн гала тоглолтоо 15:00 цагт толилуулсан юм. Тус чуулга нь үзэгчдээ хүлээж авахдаа төв хаалганыхаа дотор талд хатдын хувцас өмссөн дөрвөн бүсгүй зогсоож, дэргэд нь гурван морин хуурч, нэг морин хийлч байрлуулж тоглуулсан нь их л өвөрмөц угталт байв. Их найрал байгуулагдсаны хагас зуун жилийн ой болж буй болохоор арга ч үгүй биз. Үзэгчид болон уран бүтээлчид нь гаднаас орж ирэхдээ баярын мишээлтэй харагдана. Үүгээрээ энэхүү ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид нь ямар их сэтгэл догдлон ирсэн, яруу эгшгээр уяраагсад ямархан хөгжимдөх нь тодорхой харагдаж байгаа юм.     


Тоглолтод найрал хөгжмийн анхны удирдаач П.Дагважамц болон ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан, ардын жүжигчин Д.Самбуу, ДБЭТ-ын дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, удирдаач Н.Буянбаатар, Р.Ганбат, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан нар оролцсон.

Тоглолтыг ССАЖ-ын яамны сайд, хатагтай Ц.Оюунгэрэл, ҮДБЭЧ-ийн захирал Г.Цоггэрэл нар үг хэлж нээсэн юм.

Сайд “50 жилийн турш үндэснийхээ хөгжмийг эгшиглүүлж байгаа ахмад уран бүтээлчид болон залуучууддаа юуны өмнө ойн баярын мэнд хүргэе. Үндэсний найрал хөгжмийг манай улсын цэргийн их удирдагч, Чингис хааны үр сад болсон Гүюг, Өгөөдэй, Хубилай хаан Азидаа анх удаа байгуулсан. Магадгүй дэлхийд ч анхдагч болсон байх. Үүнийг Марко Пологоос эхлээд олон аялагч, судлаачид тэмдэглэснээрээ нотолдог. Хубилай хаан 400 гаруй хөгжимчинтэй байсан гэдэг юм билээ. Харин өнөөдөр 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа чуулга 30 гаруй хөгжимчинтэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө 70 болтлоо өссөн байна. Түүнчлэн энэ чуулгын бүтээлүүд  нь манай улсын урлагийн брэнд. Тиймээс танай хамт олонд дахин дахин талархахаас өөр арга үгүй юм” гэв.

Тоглолтыг Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Мөрдоржийн “Цэнгэлийн эгшиг” хөгжмөөр эхэлсэн юм. Энэхүү хөгжим нь түүний гоц бүтээлүүдийн нэг билээ. Түүний дараа дэлхийн шилдэг бүтээлийн нэг Жорз Бизегийн “Кармен” дуурийн удиртгал эгшиглэсэн. Ингээд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Монголын сайхан орон”-оос урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сүхбаатарын “Үүлэн бор” янцгаахад эрхэс тэнгэртээ шүтлэгтэй, өндөр заяат Монгол түмэнд таашаагдсан Төрийн соёрхолт, Ардын жүжигчин С.Жамбалдоржийн “Хүний заяа” эгшиглэв.

Түүнчлэн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын хөгжим, яруу найрагч Ч.Авирмэдийн шүлэг “Хурдан зээрд” дууг УДЭТ-ийн дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг зүрхэнд сонсогдтол хатируулсан бол Төрийн соёрхолт З.Хангалын “Салхит шувуу” жигүүртэн бүхэндээ хүрэхээр тэнгэр цоргих мэт тэмүүлэхэд Р.Бат-Эрдэнийн “Тайгад дуурсах хэнгэргийн дуу” хадаж Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг сэрээлээ. Гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амарын “Уран байгалийн дуулал” уянгатайхан эгшиглэхэд Ардын жүжигчин Д.Самбуугийн сэтгэл тун чиг хөдөлж баруун Монгол ардын “Хэдэн гялаан хонь”, Төрийн соёрхолт Ц.Чинзоригийн хөгжим, яруу найрагч Ж.Лхагвын шүлэг “Сэлүүн дэнжийн яргуй” зэрэг дуугаараа хурсан олны сэтгэлийг өндөлзтөл дуулав. Монтигийн “Чардас” хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Чинбатын “Монгол вальс”-тай харшихад урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжим, Ш.Гүрбазарын шүлэг “Аварга зээрд”-ийг гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан хатируулахад “Фэдди Меркюри”-гийн “Бид аваргууд” хэмээн тунхаглаад Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдогийн “Жалам хар”, М.Бирваагийн “Их нүүдэл”-ийн цаанаас цангинатал янцгаасаар одлоо. Ингээд ертөнц дахиныг цочроосон эгшигт хөгжмийн үдэш өндөрлөсөн юм.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top