Хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд тэтгэмж үзүүлэх тухай саналаа хуулийн төсөлд тусгуулах, өөрсдийн байр сууриа илэрхийлэхээр цагаатгалын болоод хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллага, хэлмэгдэгсдийн төлөөлөл хамтран өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос зохион байгуулж буй уг хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай“ хуулийн хэрэгжилт, хэлмэгдэгсдээс тавьж буй санал хүсэлт, хэлмэгдүүлэлт эхлэх болсон нөхцөл, шалтгаан, түүний үр дагаврыг арилгах, хэлмэгдүүлэлтийг дахин давтаж гаргуулахгүй байх, хэлмэгдэгсдийн үр хүүхдэд учруулсан эд материалын болон сэтгэл санааны хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцээд байв.

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нийгмийн асуудлын талаар Монголын төр, засаг, Улсын комисс олон чухал арга хэмжээ авсныг дурьдахын зэрэгцээ хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдөөс тавьсан нийгмийн асуудалтай холбоотой санал, гомдлууд тэр бүр ажил хэрэг болж хэрэгжиж чадаагүй”  хэмээн онцолсон. Түүнчлэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга О.Лхагварэнцэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн амьд сэрүүн байгаа иргэд ,  нас барсан, цаазлагдсан хэлмэгдэгсдийн эхнэр , хүүхдүүдэд одоо өгч байгаа нөхөх олговрын хэмжээ, тэтгэврийг тус тус нэмэгдүүлэх, жил бүр мөнгөн тэтгэмж авах, гэр, орон сууц авах, хураагдсан эд хөрөнгөө нөхөн төлүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт оруулах тухай санал хүсэлт олноор ирснийг танилцуулсан юм. Харин Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн Холбооны тэргүүн Д.Цогтбаатар илтгэлдээ хэлмэгдүүлэлт эхлэх болсон нөхцөл шалтгаан, эрх зүйн баримт бичгүүд, цагаатгалын ажлын явцад үнэлэлт дүгнэлт өгөөд байв. Тодруулбал, цагаатгалын ажил эрчимтэй явагдахгүй байгаа ба  түүнийг хэрэгжүүлж буй арга барилыг  шүүмжлэхийн зэрэгцээ цагаатгалын ажилд мониторинг хийх шаардлагатай байгаа тухай, цагаатгал бол түүхийг ил, үнэн бодитой болгоход орших бөгөөд цаашид  цагаатгалын ажлыг шинэ шатанд гаргах нь чухал байгааг онцолсон юм.

    Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны нийслэлийн салбар зөвлөлийн дарга Д.Дашдаваа мөнгөн тэтгэлгийг нийт хэлмэгдэгсдэд хавтгааруулахгүй, ялгавартай, зэрэглэл тогтоож олгох саналыг дэвшүүлээд хэлмэгдэгсдэд хохирлыг барагдуулах хуулийг батлуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Ийнхүү хэлэлцүүлгийн үеэр гарсан санал, хүсэлтийг тусгаж, хуулийн төслийн талаар нэгдсэн дүгнэлт гаргах ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top