Ихэнх нутгаар цас үргэлжлэн орсны улмаас цасанд боогдож суух болон маландаа яваад төөрөх тохиолдол цөөнгүй гарч байна. Тухай бүрт орон нутгийн Онцгой байдлын газраас шуурхай ажиллан аварчээ. Тухайлбал Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, “Мөстийн гол” гэдэг газар 11 дүгээр сарын 27-нд 87-87 ӨВР улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн суудлын автомашинтай 3 хүн цасанд суусан мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 12 дугаар ангийн аврах бүлэг татаж гаргасан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Улаанбаатар хот руу 11 дүгээр сарын 27-нд 45 зорчигчтой, 66-44 УНА улсын дугаартай хот хоорондын нийтийн тээврийн том оврын автобус “Ар шанд” гэдэг газар цасанд боогдон суусан дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын бүлэг татаж гаргасан байна.
Мөн Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар багийн нутаг, “Элгэн” гэдэг газар өвөлжиж байгаа иргэн Б /60 настай, эрэгтэй/ 11 дүгээр сарын 27-нд малдаа яваад сураггүй болсон дуудлагын дагуу эрлийн хэсэг эрэн хайж орой нь эсэн мэнд олсон ажээ. Увс аймгийн Малчин сумын Баян-хайрхан багийн нутагт өвөлжиж байгаа иргэн Х /55 настай, эрэгтэй/ 11 дүгээр сарын 26-нд малдаа яваад сураггүй байгаа мэдээллийн дагуу эрлийн хэсэг эрэн хайж 11 дүгээр сарын 27-нд эсэн мэнд олжээ.
Тиймээс иргэд хөдөө орон нутаг руу явахдаа цаг агаарын мэдээг үзэж, замд гарах бэлтгэл сайн хийхийг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )