МЗХ-оос хотын мээр Э.Бат-Үүлд залуучуудад тулгамдаад буй нийгмийн асуудлаар нэн яаралтай шийдэх ёстой 14 саналыг хүргүүлсэн. Эдгээр саналуудын дотор Залуу техникчдийн ордны үйл ажиллагааг сэргээх саналыг оруулж байсан. Тэгвэл ЗТО-ны үйл ажиллагааг сэргээх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж эхэлснээ хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээллээ. Хэвлэлийн бага хуралд Нисэх загвар спортын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Батзориг, хуульч, өмгөөлөгч Б.Бэхбат, МЗХ-ны Мэдээлэл Судалгаа Шинжилгээний Газрын дарга М.Энхтайван, Монголын Нисэх загвар спортын нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Амарсайхан, ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн захирал Б.Сүхбат, Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Чулуун нар оролцсон юм. 1990 оноос хойш өнгөрсөн хугацаанд хүүхдийн хөгжих эрхэд үйлчлэх олон барилга, байгууламжийг устган зориулалт бусаар ашиглалтад шилжүүлсэн. Үүний нэг жишээ нь Залуу техникчдийн ордны барилга байгууламж, үйл ажиллагаа юм. Хүүхэд, багачуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлж, ирээдүйн инженерүүд төрөн гарах уурхай болж байсан Залуу техникчдийн ордон өнөөдөр хүүхэд залуучуудад зориулалтаараа огтхон ч ашиглагдахгүй байгаа бөгөөд үүний үйл ажиллагааг сэргээх зайлшгүй шаардлага байгааг тэд ярьж байна. Одоо Залуу техникчдийн ордны барилгад Монгол Энэтхэгийн хамтарсан сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдөр зохион бүтээх, дадлага сургалтын бүхий л суурь машин багаж, төхөөрөмжүүдийг бүгдийг үгүй хийж, акталж устгаад, хүүхдийн техникийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан орчин үеийн интерьер дизайны шийдэл бүхий шилэн тасалгааг нурааж гуанз болгосныг тэд хэлж байна. Ажлын хэсгийнхэн Залуу техникчдийн ордны статус, менежмент, хөрөнгө оруулалтын талаар тодорхой санал бэлтгэн Ерөнхий сайд, Боловсролын сайд, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэхээр бэлдэж байна гэнэ. Улс орны цаашдын хөгжилд техникийн сэтгэлгээтэй, өндөр чадвартай инженер мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг ойлгож, эдгээр боловсон хүчнийг бэлтгэн гаргахад энэ ордны үйл ажиллагааг зайлшгүй сэргээх шаардлага байгааг ойлгож шийдвэр гаргагч түвшний хүмүүс хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа гэдгээ мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлсэн юм.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )