МЗЭ-ийн хороо өчигдөр өмнөхөөсөө илүү хөл хөөр болжээ. Учир нь “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржийг Төрийн соёрхол хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд тэр. Өнөө баавгар Б.Лхагвасүрэн, шар Ш.Сүрэнжав, өндөр Д.Цоодол, цагаан П.Бадарч нарын ардын уран зохиолчдоос бусад нь шахуу цугласан байв. Тэднийхээ дунд хамгийн ахмад нь Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Төрбат байв. Тэд нэлээд хэдэн цэнхэр шилтийн хүзүүг мушгисан бололтой. Эртний сайхан гэгээн түүхээ ярьцгааж байв. Гэтэл Д.Төрбат гэнэт “Би Г.Аюунзаны анхны “Нялх шүлгүүд” нэртэй номыг редакторлосон. Тухайн үед би МЗЭ-ийн хэвлэх үйлдвэрийн захирал байсан болохоор үйлдвэртээ ч хэвлүүлсэн. Гэтэл дараа нь Аюур “Би энэ номноосоо ичдэг” гэж хэлж байна билээ. Намайг редакторлосон болохоор доош нь хийж байгаа байхгүй юу. Би тийм муу шүлэгтэй хүний номыг редакторлодоггүй. Намайг редакторынхоо үүргийг сайн гүйцэтгэж муу бичсэн гэж хэлж байгаа царай нь тэр” хэмээн бухимдав. Тэр сэтгэлийг нь дэмнэх мэт найрагч нөхөд нь сархад хундгалж бариад “Төрөө ах аа таны сайхан шүлэгнүүдээс сонсмоор байна” гэв. Ингээд түүний бухимдал тамхины утаа мэт замхарч найргийн дугараатайгаа сүлэгдэв ээ.
У.Бодол

Сэтгэгдэл ( 1 )
Хэн хэндээ аархаад яах юм. Хатуу сархад савнаасаа л хальсан байна. Сайхан улсаас үг сонсох сайхан.