Магнай трейд, Петростарын ШТС-ыг хаалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион явууллаа. Шалгалтанд газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцууд нийт 140 объект хамрагдсан ба 450 зөрчлийг илрүүлж, 123 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага, мэдэгдлийг тухайн байгууллагын холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн зарим аж ахуйн нэгж байгууллагыг торгож захиргааны арга хэмжээ авч, “Петростар” ХХК-ний шатахуун түгээх станц 24 дүгээр салбар, “Магнай Трейд” ХХК-ний шатахуун түгээх станц 5 дугаар салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.

Шалгалтаар үеэр шатахуун түгээх станцын салбарууд нь тоног төхөөрөмж, аянга зайлуулагчийн газардуулгын хэмжилт хийлгэж баталгаажуулаагүй, засвар үйлчилгээ хийгдээгүй, техникийн болон улсын комисс хүлээж аваагүй, гал унтраах болон хөргөлтийн систем бүрэн хийгдээгүй, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын сав, резервуаруудад металл хийцийн оношлогоо хийлгэж баталгаат хугацааг тогтоогоогүй, газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжийн гал тэсвэршилтийн зэрэглэл, галын даацын хана хамгаалалт шаардлага хангахгүй буюу түгээгчийн байрнууд гал тэсвэршилтийн зэрэг хангагдаагүй, шатахууны нөөцийн агуулахын тоног төхөөрөмж, хэвтээ резервуаруудын техникийн болон технологийн баримт бичгүүд байхгүй, резервуаруудад хэв гажилт үүсч хонхойсон, шороон далангууд технологийн дагуу хийгдээгүй шаардлага хангахгүй болсон зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Мөн шалгалтын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас агуулахын тоног төхөөрөмж, резервуард шатахуун хадгалах боломжгүй гэсэн дүгнэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа шатахуун түгээх станц ч байжээ. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын барилга байгууламжийн галын аюулгүй байдал хангагдаагүй байгаа нь аливаа болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох  нөхцлийг бүрдүүлж байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа юм.

Мөн Улаанбаатар хот дотор байрлаж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулахын байршлын талаар холбогдох байгууллагууд хамтран бодлогын чиглэл гарган цаашид хотоос гаргах арга хэмжээг авах, нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа зарлалгүй дүүргийн засаг дарга нарын хууль зөрчиж гаргасан шатахуун түгээх станцын газрын захирамжийг хүчингүй болгох саналуудыг гаргажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top