Энэ оны өвөлжилтийн хэрхэн хангасан, өнөөгийн байдлаар ямар байдалтай байгаа болон цаашид авах арга хэмжээний талаар ҮХАА-н яамнаас нийт аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Энэ жил хийсэн хаваржилтын бэлтгэл ажил, малын тарга хүчний үзлэг, хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдлийн бэлтгэлийн ажил зэргийг нэгтгэн дүгнэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил 86.6 хувьтай байгаа гэнэ. Одоогийн байдлаар нийт нутгаар цаг уурын байдал тогтвортой байна. Ирэх долоо хоногоос Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав нутгаар шөнөдөө 30-34 хэмийн хүйтэн, өдөртөө 20-24 хэмийн хүйтэнтэй байх гэнэ. Одоогийн байдлаас нийт нутгийн 30 орчим хувь нь 10 см-ээс дээш зузаан цастай байгаа. Гэхдээ ирэх сарын дундаас эхлэн огцом хүйтэрч олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэй байгаа гэдгийг “Ус цаг уурын эрдэм шинжилгээний төв”-өөс анхаарууллаа.
ҮХАА-н дэд сайд Ц.Туваан: “Өнгөрсөн онд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаагүйгээс цаг уурын нөхцөл байдал хүндрэхэд 570 тэрбум төгрөгийн хохирол амссан. Энэ жил нийт бэлтгэх ёстой хадлангийн 92 хувийг, тэжээлийн 91 хувийг, гар аргаар бэлтгэх тэжээлийн 86 хувийг бэлдээд байгаа. Гэхдээ аюулгүйн нөөц бүрдүүлэх тал дээр дутагдалтай байна. Өнөөдрийн байдал бэлтгэл ажил сайн байгаа ч цаг уурын огцом хүйтрэл, байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас дахин зуд болж хүндрэх магадлалтай” гэдгийг санууллаа.
Тухайлбал Дорноговь аймагт цаг агаарын байдал тогтвортой байсан ч сүүлийн хоёр хоног цасан шуургатай байгаа гэнэ. Бэлдсэн өвс тэжээлийг аймаг сумынхаа айл өрхөд тарааж байгаа. Одоохондоо онц хүндэрсэн асуудал тулгараагүй байгаа гэнэ. Харин Увс аймгийн хувьд нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүл тогтсон гэнэ. Арван сумдаар ихэнх хэсэгт 20-50 см-ийн цастай, хунгарласан газраа 60-130 см хүртэл зузаан цастай байгаа гэнэ. Тиймээс аймгийн тулгамдаад байгаа 400 тонн нэмэлт тэжээл, 360 тооны отроор өвөлжих мал болон тусгай хамгаалалттай газар оторлох 100 гаруй тооны малын асуудлыг яаралтай шийдэж өгөх хэрэгтэй байгааг санууллаа.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )