Цагдаа нар галаас гурван хүний амийг аварчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

 

Нийгмийн хэв журам хамгаалах газрын тусгай хамгаалалтын хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн хошууч И.Чинбатаар ахлуулсан Тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Хөвсгөл аймагт болсон аймаг сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үеийн хамгаалалтад ажиллаад Улаанбаатар хот руу буцаж явах замдаа 2012 оны 11 дүгээр сарын 23-ны шөнийн 02.00 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөр дайрч өнгөрөх үед айлын байшин шатаж байсантай таарч галыг унтрааж, галын аюулаас 3 хүний амь насыг аварсан байна.

 Тус сумын 1 дүгээр багын засаг дарга ажилтай, 36 настай эрэгтэй С.Мөнх-Эрдэний байшингийн галлагааны өрөөний яндангийн орчмоос гал гарч байшин шатаж гэрийн эзэн С.Мөнх-Эрдэнэ, эхнэр 36 настай эмэгтэй М.Мөнхтуяа, 8 сартай охин М.Энхмаа нарын хамт гал гарах үед мэдэхгүй унтаж байхад нь цагдаа нар байшингийн цонхыг хагалан орж 3 иргэнийг гарган авч аюулгүй орчинд аваачсан байна. Мөн өлгийтэй охиныг дулаан машинд  байлган асран хамгаалж, байшин дотор угаартан унасан нохойг нь эсэн мэнд гарган авч чаджээ.

Цагдаагийн алба хаагчид гэрийн гаднах гүний худгийг ашиглаж шатаж байгаа байшингийн хананд байсан цахилгааны самбарт залган байшин руу ус цацаж, зарим нь дээврийн төмөр хуулж  угаарыг гадагшлуулж хувингаар ус зөөн галыг унтрааж, гэрээс зарим эд зүйлийг зөөн гаргасны үр дүнд хохирол бага учирчээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдээс Нийгмийн хэв журам хамгаалах газрын даргын нэр дээр цахилгаан утас ирүүлж “Галын аюулаас иргэдийнхээ амь насыг аварч, эд хөрөнгийг хамгаалж төр, ард түмнийхээ төлөө амь насаа зориулахаа тангарагласан цагдаагийн алба хаагчид авхаалж самбаа, эр зориг, мэргэжлийн өндөр ур чадвар гарган түргэн шуурхай ажиллаж, сайхан сэтгэл гаргаж бүх боломжоо дайчлан туслан, бага хохиролтой галыг унтраасанд талархал” илэрхийлсэн байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top