Зохиолчдын хороонд өнгөрүүлсэн хоёр өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Нэлээн их сархадтай нижгэр цуглаан МЗЭ-ийн хороонд болов. Би тэнд хоёр өдөр өнжсөн болохоор чухам юу болсныг уншигч танаа товч бөгөөд тодорхой танилцуулъя. Цаад хэд чинь зайлуул Ц.Бавуудоржийгоо Төрийн соёрхол хүртсэнд тун ч их баяртай явна. Арга ч үгүй биз дээ хөөрхий, 1990 оныхон хэмээн тунхаглагддаг А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо, Г.Аюурзана, Д.Ган-Очир, Г.Мөнхцэцэг, Ц.Хулан, Х.Эрдэнэбаатар зэрэг “Болор цом”-ын эздээсээ анхдагч болж энгэрээ төрийн одонгоор цоолж байгаа юм чинь. Тэд Бавуудаа баяр хүргэж цэцэг барихаасаа урьтаж бараг л тус бүр нэг  цэнхэр шилтийг цүнхэлж үе үеийн зохиолчдын цугладаг будаг нь халцарсан хоёр давхар цэнхэр өнгөтэй МЗЭ-ийн хорооны хаалгыг хэлэлцсэн юм шиг нэг цаг дор татаж бөөн юм болов. Цэнхэр гэснээс нэг зүйл санаанд буув. Хөөрхийс Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт, "Болор цом" наадмын хошой тэргүүн бурхан болооч Ц.Чимэддорж буюу “Дэрэнгийн хар азарга” нэг удаа “Манай хорооны өнгө нэг л биш байгаа юм даа. Очиж очиж цэнхэр байхдаа яах вэ дээ. Цэнхэр гэдэг чинь шуудхан хэлэхэд гомо гэсэн үг биз дээ” хэмээн их ёжтой инээж билээ. Найрагчдын бодлоос үргэлж бороо орсны дараах үүлгүй тэнгэр шиг тийм л гэгээлэг шүлэг гардаг бол хэлж буй үгнээс нь дандаа болохгүй тал руу хандсан хорон үг цухуйна. За энэ ч яах вэ тухайн үед инээгээд өнгөрсөн явдал. Зохиолчид маань хорооныхоо байранд ажлаа мартаад сайхан гэгч нь найрлаж байна. Хааяа ардын сайхан дуу ч сонсогдох шиг. Шүлэг байнга сонсч, уншиж байдаг болохоор хааяа ч гэлээ өөр агаарын орчин бүрдүүлье гэж бодсон биз.

Уг нь энэ өдөр тэд удирдах зөвлөлийн хурлаа хийх ёстой. Гэтэл юун хурал манатай болж байгаа юм чинь. Гэхдээ хамгийн их ажлаа алдахгүй яваа хүн бол ширвээ хар сахалтай “Болор цом”-ын эзэн Жа.Баяржаргал. Тэрбээр сонин гарах дөхөж байгаа материалаа бэлдэхгүй бол болохгүй гээд нэг их л догдолсон хүн гарч орж харагдана. Сонин гэдэг нь түүний эрхэлдэг “Утга зохиол урлаг” юм шүү дээ. Тэрбээр тийм ажилгүй байсан бол тус өрөөний хойморт тухлах ёстой хүний нэг. Урт хар пальто өмсч, дөрвөлжин хүрэн цүнх барьсан түүнийг А.Эрдэнэ-Очир “Хөлд нь хий орчихсон юм шиг гарч, ороод байх юм. Өвгөөн наашаа суу л даа” хэмээн учирлана. Нэг өрөөнд хамт суудаг юм гэсэндээ өөртөө ойр суулгаж ганц хоёр татуулах гэсэн санаа нь тэр. Гэвч тэрбээр гадуур их ажилтай гээд сархад үнэртүүлж хүнтэй уулзахгүй байхыг бодсондоо тэгж хэлж буй нь ойлгомжтой. Ингээд бусад нөхөд нь ч цугласаар 1990 оны үеийнхэн нь голдуу цуглаад амжив. Тамхины утаа үнэртсэн эхүүн үнэртэй өрөөнд нь сууж хөгжилтэй яриаг нь сонсох хачин их сайхан шүү. Тэндээс жинхэнэ монгол үг хэллэг сонсогддог. Өчүүхэн ч хэлбэржсэн зүйлгүй хэрнээ цаанаа л хүний сэтгэлийг татаад байдаг юм. Тэр байдлаас нь хөглөгдөж, эерэг энерги ч авах шиг. Тийм хүмүүсээс бүтээл төрөхгүй гээд яах вэ дээ. Тэд өрөө андуурч орж ирсэн үл таних хүнийг болон чухал ажлаар яваа нэгнийгээ ч “Наашаа суу. Бавуу маань төрийн одон  аваад байхад нэг өдрийн ажлаа зохицуулаач” гэж уруу татна. Бас урина. Үүгээрээ монгол чанараа алдаагүй, хувираагүй үзэлтэй нь илтгэгдэнэ. Найрагчид уухдаа гол нь биш, ууж суугаад сайхан ярилцах нь хамгийн их таашаалын нэг хэмээн өөрсдийгөө өмөөрдөг.

Насан туршдаа эхнэрээсээ айж яваа Төрөө ах нэг ч үг хэлээгүй

Тэд олон хөгжилтэй зүйл ярина. Нулимсаа гаргах ч үе байв. Хэт их туйлшрахаараа улс төр ярих нь ч бий. Гэхдээ хэзээ ч худал зүйл ярихгүй шүү. Д.Төрбат гуайн ярианаас сонсох нь ээ өнөөгийн төрийн түшээддээ сэтгэл нь нийцдэггүй юм билээ. Учир нь түүний дотны найз, ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэцүү нэртийн чимээ сонсоод байгаа болохоор тэр. Түүнийг тийм байдалд ороход Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос 107 хүний хамт өршөөл хүссэн мэдэгдэл гаргаж байсан удаатай. Тэрбээр “Н.Энхбаяр улсдаа олон зүйл хийсэн. Түүнд бид баярлах ёстой” гээд л уйллаа. Нулимс нь үнэн сэтгэлээс нь асгарч байсан шүү. Ингээд хэсэг дуугүй байснаа алдарт дуучин П.Адарсүрэн агсны тухай ярьж бас л усан нүдэлнэ. Дараа нь Г.Мөнхцэцэгийн нарийн бичгээс “Эхнэр яриагүй биз. Намайг энд байгаа гэж хэлж болохгүй шүү” хэмээнэ. Түүнийхээ дараа “Эхнэрээсээ насан туршдаа айж яваа хүн дээ би” гэв. Ингээд бас бус зүйл яриад сууж байтал эхнэр нь ороод ирэв. Их л ууртай харцаар өрөөнд сууж байсан хүмүүсийг тойруулж харснаа Төрөө ахыг “Алив хувцсаа өмс. Та арай дэндэж байгаа юм биш үү. Олон өдөр архи уугаад үхвэл яана” гээд арынх нь ширээн дээр байсан куртикийг нь өмсүүлээд хүүгээ загнаж буй ээж шиг түлхэн гарч одов. Үнэндээ Төрөө ах эхнэртээ ганц ч үг хэлээгүй. Архи уусан нь өөрийнх нь буруу гэж бодсондоо л тэр шүү дээ.    

Зохиолчдын эвлэл удирдах зөвлөлийн хуралдаанаа зохион байгууллаа

Харин маргааш нь Мөөжиг даргын хэлснээр удирдах зөвлөлийн хурал боллоо. 12:00 цагаас эхлэх ёстой байсан хурал яаж ийж байгаад 13:00 цаг бараг өнгөрөөв. Хуралд яруу найрагч Х.Чилаажав, А.Эрдэнэ-Очир, М.Эрдэнэбат зэрэг төлөөллүүд оролцов. Тэд ирэх жилийнхээ ажлын тайлан, төлөвлөгөө болон тун удахгүй болох “Алтан-Өд”, “Болор цом” зэрэг наадмын зохион байгуулалтын талаар ярилцав. Мөн зохиолчдын эвлэлдээ элсэх шинэ гишүүдийн бүтээлтэйгээ танилцсан юм. Түүний дараа дахиад л сархад зооглох гэсэн найрагчид А.Эрдэнэ-Очирын өрөөнд орохоор хүрэн хаалгыг нь татав аа.  

Аливаа зүйлийг гэгээлгээр харъя, ард түмэн минь

Ингээд би МЗЭ-ийн хороо хэмээх их найрагчид цугласан өргөөнөөс гарав. Замдаа таарсан таних хүн болгондоо “Алтан-Өд”, “Болор цом” наадам тун удахгүй болох гэж байгаа тухай хэлэхэд тэд “Наадам болж л байдаг юм. Одоо хэн нь түрүүлэх нь тодорхой болсон биз. Тэр хуралдаа тэд  “Энэ жил түүнийг түрүүлүүлье” гэж хэлэхгүй байна уу” гээд хэнэг ч үгүй хариулна билээ. Тиймээс элэг нэгтнүүд минь аливаа зүйлийг гэгээлгээр бодъё л доо. Ес эхлэх гэж байгаа энэ их хүйтэнд дотроосоо хүртэл даарч явахаа больё. Хаа нэгтэйгээс алтан дальтай хараацай амар тайвныг зууж ирж байна хэмээн хааяа ч гэсэн мөрөөдье. Хачин задгай бодлоор гунигаа сүлж дурласан юм шиг алхаад нэг үз. Тэгвэл зарим нэг заримдгууд та бүхний бодол сүүдрээсээ жаахан ч гэсэн гарах байлгүй. Ноорхой дэвтэртэй, намирсан урт үстэй (яг л бүсгүй хүнийх шиг) сархад зооглохдоо дуртай найрагчид чинь уг нь тийм ч муу хүн биш шүү дээ. Та бүхнийхээ оюуны цангааг тайлж очсон газар бүртээ найргийн шад хэлж явдаг буянтай хүмүүс. Тийм сайхан хүмүүсийнхээ өөдөөс хар бодол тээж очихдоо дэргэд нь байсан юм шиг хэлтгий бодлоор өөрийгөө зэвсэглэж хий хардахаа больмоорсон. Цаадуул чинь үүнийг сонсоод нэг их гомдох ч маргааш нь инээгээд л уулзалдахаас цааш.  

У.Бодол

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Хас(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

Энэ ертөнцөд ховорхон заяасан авъяас. Бурханы ивээл. Хорвоогийн хамгийн гэгээлэг хүмүүс. Бусад зан үйл нь хүн болгонд л байдаг хүмүүний араншин. Та нар минь бидний оюуны охь манлай шүү.

1  |  0
Top