Шинэчлэлийн Засгийн газрын 100 хоногийн ажлын хүрээнд УБТЗ-ынхан цөөнгүй ажил хийгээд байна. Тухайлбал, Багануурын Техник үйлчилгээний газрын шинэ байрыг богино хугацаанд барьж, хэдхэн хоногийн өмнө ашиглалтад оруулсан. Энэ сарын 27-нд “Өргөн” өртөөнд 12 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, өртөөний төмөр замчид төвлөрсөн халаалт, халуун хүйтэн устай тохилог орон сууцны түлхүүрийг гардлаа. Шинэ байрны нээлтийн арга хэмжээний үеэр УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж “Говийн байгаль, цаг агаарын хүнд нөхцөлд ажиллаж байгаа төмөр замчдынхаа ахуй амьдралыг дээшлүүлэхийн тулд 600 гаруй сая төгрөгөөр “Өргөн” өртөөнд 12 айлын орон сууцыг барьж, ашиглалтад орууллаа. 1956 оноос хойш хоорондын жижиг өртөө, зөрлөгт орон сууц шинээр бариагүй. Төмөр замчдын амьдарч байгаа байшин хуучирсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй болсон. Тиймээс УБТЗ замчдаа орон сууцжуулах тусгай хөтөлбөр боловсруулж, жижиг өртөө зөрлөгүүдэд төвлөрсөн халаалттай, халуун хүйтэн устай орон сууцыг барих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд “Олон-Овоо” өртөөнд 24, “Шивээ-Овоо” өртөөнд 24, “Түнх” өртөөнд 24, Баруунхараад 24, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнд 32, Дарханд 78 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулна" гэдгийг дуулгав.
Б.Ган
Эх сурвалж: "Өдрийн шуудан"

Сэтгэгдэл ( 0 )