Бидний нэрлэж заншсанаар “Дэнжийн мянга”, одоогийнхоор “Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгч-түрээслэгчдийн ҮЭ-ийн хорооны дарга, хоёр тэргүүлэгчийн хамт ирэх сарын 3-наас эхлэн өлсгөлөн зарлахаар болжээ.
Учир нь тус захын газар нь төрийн өмч атал түрээслүүлж, үйл ажиллагаа явуулдаг эзэд нь хэтэрхий нэг талыг баримталсан гэрээ байгуулдаг гэнэ. Тухайлбал, түрээслэгчидтэй хууль бусаар харьцах, шударга үнэн асуудал тавьсан түрээслэгчдэд ажлын байрны болон сэтгэл санааны дарамт үзүүлж, нэр хүндэд нь халддаг ажээ. Захын түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгч, гишүүд эрх ашгийнхаа төлөө хууль ёсны асуудал тавихад гүжирдэн гүтгэж, шүүх цагдаагийн байгууллагад үндэслэлгүй нэхэмжлэл гаргах, ажлын байрыг нь хааж лацдах зэрэг дарамт үзүүлж, шударга хөдөлмөрчдийг ноцтой хохироож байна гэлээ.
Түүнчлэн захын түрээсийн үнэ тогтвортой бус байдгаас гадна өглөө 07.00-07.30 цагийн хооронд түрээсээ авдаг, бага зүйлд торгууль тавьдаг, үндсэн түрээслэгчээс гадна хамтран эзэмшигч, туслах ажилтнаас нь хүртэл түрээс авдаг байна. Тэдний хэлж буйгаар зах дээр зогсож байгаа хүн ганцаараа зогсох боломжгүй аж. Заавал зөөж, тээвэрлэх хүн хэрэгтэй байдаг. Мөн хамтран эзэмшигчээс тухайн лангуу павильонд зогсдог, зогсдоггүй хамаагүй түрээс авдаг байна. Эдгээр нь ч гэрээндээ тусгагдсан байдаг тул асуудал болгож ярьсан ҮЭ-ийн хорооны дарга болон хоёр тэргүүлэгчийн павильоныг хааж лацдаад 12 хоног болсон учир ийнхүү өлсгөлөн зарлах болжээ. 10-аад хоног захын захиргаатай зөвшилцөж, гэрээний тал дээр уян хатан байж хамтран гэрээ байгуулахыг хүссэн боловч үр дүнд хүрээгүй аж.
Тус зах дээр 1000 орчим түрээслэгч байдаг бөгөөд үүнээс 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Түрээсэлж буй лангуу павильоныхоо байршил, зай талбайнаас хамаараад 90-570 мянга хүртэлх төгрөгийн түрээс төлдөг юм байна. Цаашид уг асуудалд анхаарал хандуулахгүй бол эрүүл мэнд болоод бусад эрх ашгаараа хохирч байгаа бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол ажиллах, түрээслэх эрх зүйн орчин хэрэгтэй байна гэлээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )