Хурхиралтыг бүрэн эмчлэх арга байдаггүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Агаарын урсгал амьсгалын нарийссан замаар дамжих үед залгиур хоолойн зөөлөн бүтцүүд өөр хоорондоо мөргөлдөхөд үүсдэг дуу авиаг хурхирах гэнэ. Энэ нь хурхирч буй хүний орчин тойрныхонд асуудал болж хувирдаг. Гэвч нөгөө талаас хурхирах нь нойрон дунд амьсгал гэнэт зогсох буюу апноэ гэдэг ноцтой өвчний үндэс болдог аж.

Шалтгаан:

Хурхирах нь хамрын таславчны муруйлт, хамрын жим ба залгиурын төрөлхийн нарийсал, хамрын ур, хүүхэн хэл урт, доод эрүүний зуулт алдагдах, гүйлсэн булчирхайн томролт, таргалалтаас болж үүсдэг.

Түүнчлэн  залгиурын  булчингийн сулрал ч үүнд нө­лөөлнө. Мөн хэт ядрах, нойрны хямрал, архи, нойрсуу­лах бэлдмэл, тамхи хэрэглэх, бамбай булчирхай муудах, сарын тэмдэг тогтворгүй байх нь ч хурхирах шалтгаан болно.

Хурхиралт нь нойрон дундуур тархийг үе, үе сэрээдэг тул өдөр нойрмоглох нь архаг хурхиралтын үндсэн шинжүүдийн нэг аж. Учир нь, шөнө гүйцэд амраагүй бие, тархи нөхөж амрахын тулд өдөр унтахыг хүсдэг юм байна.

Эмчилгээ:

Хүмүүс хурхирах шалтгаанаа аль болох арилгахыг хичээх хэрэгтэй. Унтахын өмнө тамхи татахгүй, согтуу­руулах ундаа хэрэглэхгүй байх зэрэг нь эрсдэлийг бууруулна. Үүнээс гадна хурхирахыг эмийн болон мэс заслаар эмчилдэг.

Эмийн эмчилгээ нь амьсгалын замыг өргөсгөхөд чиг­лэнэ. Хамгийн гол нь, унтах зөв байрлалыг сонгох ёстой. Түүнчлэн тусгай хэрэгсэл ашиглан, хурхирахыг арилгаж болно. Өвчтөн хурхирахыг багасгадаг тусгай дасгал хийх хэрэгтэй аж.

Хурхирах, нойрон дундаа амьсгалахгүй болохыг зас­даг мэс заслын арга нь хамрын амьсгалыг сайжруулах, залгиурын нүхийг ихэсгэх, зөөлөн тагнайн хэмжээг багас­гах, залгиурын тунгалгийн эдийн үүсгэврийг багасгах зэрэг иж бүрэн хагалгаа байдаг. Энэ хагалгааг лазерын тусламжтайгаар чанд авиагаар, эсвэл ердийн механик мэс заслаар хийнэ.

CPAP  эмчилгээ:

CPAP эмчилгээ гэдэг нь (англи товчилсон үг Continuous Positive Airway Pressure-амьсгалын замыг байнгын илүү даралттай байлгах) унтаж байх үед амьсгалын замыг байнга гадаад орчноос бага зэрэг илүү даралтттай байл­гахаар  дүүргэхийг  хэлдэг. Ингэснээр залгиурын зөөлөн эд унжсанаар гэсэн хурхирах шалтгааныг арилга­даг.

Мөн  уян  гуурсаар амьсгалын зам руу тодорхой даралт­тай агаарын  урсгалыг оруулдаг шахуургын эмчилгээг тус­гай зориулалтын лабораторид хийнэ. Жин нэмэгдээгүй тохиолдолд үр дүнд хэдэн сар, жилийн туршид тогтвортой хадгалагддаг. Гэхдээ хурхиралтыг бүрэн эмчилж чаддаггүй аж.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top