Өвөлжилтийн нөхцөл одоогийн байдлаар

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас 30 орчим хувьд нь 10 см-ээс дээш зузаан цастай байна. Тухайлбал: Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх сум, Завхан аймгийн Идэр, Сонгино сум, Өвөрхангай аймгийн Бүрд, Есөнзүйл, Уянга, Хархорин, Хужирт сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Төв аймгийн Дэлгэрхаан, Ховд аймгийн Чандмань сумын зарим нутгаар цасны зузаан 20-50 см, шуурч хунгарласан газраа 60-130 см, нягт нь 0,14-0,25 г/см3 хүрсэн 7 аймгийн 16 суманд мал бэлчээрээр өвс, тэжээл олж идэх боломжгүй болсон.

Түүнчлэн Архангай аймгийн Жаргалант, Хашаат сум, Булган аймгийн Тэшиг, Дорнод аймгийн Халхгол сум, Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн сум, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан сум, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан сум, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хүдэр сум, Төв аймгийн Баян-Өндөр, Бүрэн, Өндөрширээт, Цээл, Угтаал, Эрдэнэсант сум, Увс аймгийн Зүүнговь, Сагил, Түргэн сум, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагаан-Уул, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр сум, Хэнтий аймгийн Дадал сумдын зарим нутгаар цасны зузаан 10-19 см, нягт нь 0,10-0,37 г/см3 хүрсэн 11 аймгийн 27 суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна. Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс харахад 2012 оны 12 дугаар сар, 2013 оны 1 дүгээр сард цас олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй орж, агаарын температур олон жилийн дунджаас нэлээд хүйтэн байх нь одоо цас ихтэй байгаа нутгаар цасны зузаан улам нэмэгдэж иргэдэд үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээ, малын бэлчээрлэлтэд хүндрэл, бэрхшээл үүсч, малчдын амьдрал ахуй, улс орны нийгэм эдийн засагт хохирол учирч болзошгүй юм. 2012 оны 11 дүгээр сар гарсаар 10 гаруй удаа их, бага хэмжээний цас орж, шуурсны улмаас Увс аймгийн Наранбулаг сумын Алдар, Хужирт багийн 57 айл өрх, 37500 толгой мал, Хяргас сумын 60 гаруй айл өрх, 45000 толгой малыг нүүлгэн шилжүүлэх, автозам, давааг чөлөөлөх ажлыг тус сумдын нутгийн захиргааны байгууллагууд зохион байгуулсан.

Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Улсын Онцгой комиссоос дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Орон нутагт нийт 49 цэг дээр шуурхай ажлын хэсэг байгуулан зам давааг нээн ажиллуулж байгаагийн зэрэгцээ Архангай аймгийн Цагаан даваа, Завхан аймгийн Загастайн даваа хаагдсан байсныг өнөөдрөөс эхлэн зам давааг нээлгэх ажлыг зохион байгуулсан.

Хаагдсан зам давааг нээх, малчдад өвс тэжээлийг хүргэхэд ашиглах зорилгоор туулах чадвар сайтай автомашинууд ЗХЖШ-ын анги нэгтгэлүүдээс гаргуулан Өвөрхангай 6, Баянхонгор 8, Завхан аймагт 4 автомашиныг ажиллуулах бэлтгэл бэлэн байдлыг хангуулах арга хэмжээг авав.

Шатахууны хомсдолтой байгаа аймгуудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баян-Өлгий аймагт 120 тонн шатахуун, Увс аймагт 300 тонн дизель түлш, Ховд аймагт 100 тонн дизель түлш, 100 тонн шатахууны нөөцийг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Овшоо боомтуудаар татаж нөөцлөх асуудлыг шийдвэрлэжээ. Мөн тухайн аймгийн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвс тэжээлээс Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Завхан, Баянхонгор аймгуудад бэлтгэсэн үнээр нь малчдад худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Малчин, Хяргас сумдад үүсээд байгаа өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, хаагдсан зам давааг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх, малчдад улсын нөөцөөс өвс тэжээл олгох зэрэг ажлыг газар дээр нь зохион байгуулахаар ОБЕГ-ын Гамшигтай тэмцэх газрын дарга, хурандаа С.Цогтбаатараар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажиллуулж байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top