Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны бүтээл “Үүлэн домог” дууны клип бэлэн болсон байна. Энэхүү дуу түүний 10 дахь бие даасан цомгийн эхлэл болж буйгаараа онцлог.
Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхашруулдаг түүний “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулснаараа бусад уран бүтээлээс ялгарч чадлаа. Тэрээр энэхүү дуугаа реппер Rokit Bay-тэй хамтран дуулсан юм.
Дууны аялгууг Д.Болд өөрөө зохиосон бол шүлгийг сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бичжээ.
Энэхүү дуугаараа тэд залуусыг өнгө, мөнгөнд бүү хууртаасай, амьдралын мөн чанар хэзээд жинхэнэ хайр сэтгэлд оршдог гэдгийг илэрхийлэхийг зорьжээ. Мөн “Үүлэн домог” дууны аялгуу болон шүлгийн хувьд монголын язгуур магтаал, туульсын хэлбэрийг орчин цагийн поп хөгжимтэй хослуулсан нь тун өвөрмөц болсон.
Энэхүү дуу цэвэр монгол поп зарчмаар хийгдсэн байна. Тэр дундаа язгуур хөгжмийн зэмсгүүд, бөмбөрийн хэмнэл, дуугаралт буюу бөөгийн хэнгэрэг зэрэг нь орчин цагийн поп хөгжимтэй хэрхэн хослон эгшиглэснийг энэ дуунаас л сонсох боломжтой.
Харин дууны клипийг “V” студийн уран бүтээлчид тэр бүр үзэж хараад байдаггүй зураглал, хийцтэйгээр бүтээсэн байна. Клип гурван дүртэй бөгөөд уул, солонго хоёрыг эмэгтэй хүнтэй зүйрлэж, үүлыг эрэгтэйгээр дүрсэлжээ. Хэдий үүл солонгод татагдах боловч чин сэтгэл нь эргээд ууланд очих ажээ.
Уг дууны тухай дуучин Д.Болд “Дууг сонсоод нэгэн домог, хайрын туульс сонсож байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх болов уу. Учир нь хуучны магтаал, туульсыг дээр үеийн хэв маягаар хийсэн. Түүнчлэн монгол поп урсгалын өнгө аяс, хувцас хэрэглэл, гэр бүл, хайр сэтгэл, язгуур туульс, магтаалын хэмнэл дуунд оршиж байгаа. Энэ бүхнийг хослуулан монгол поп урсгалын хэв маяг, хөгжим дуугаралт, орчин цагийн туульс домгийг хүүрнэн харуулахыг хичээн ажилласан” гэсэн юм.
Түүнийг энэ удаагийн клипэндээ ямар имиж бүрдүүлснийг үзэгч та клипнээс хараарай.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )