Бэлгэвч хэрэглэцгээе
Жил бүрийн энэ өдрийг дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэхэд зориулдаг. Манай улсад ч гэсэн энэ өдрийг тэмдэглээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Ингээд уншигч та бүхэндээ зориулан энэ өдөртэй холбоотой зарим нэг тоон баримтыг хүргэе.
ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гаитийн хэдэн өвчтөнд илэрч бүртгэгдсэн байдаг. Удалгүй 1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлаа хомсдлын вирус /ХДХВ/-ыг анх илрүүлжээ.
ДОХ нь дархлалын олдмол хомсдлын хам шинж гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг зовиур багатайгаар 6 сараас 10 жилд устгадаг амь насанд аюултай өвчин юм.
2011 онд ХДХВ/ДОХ-ын халдвараар 2.5 сая хүн өвчилсөн бөгөөд 1.7 сая хүн энэ өвчнөөр нас баржээ. Тэгвэл манай урд хөрш 1.3 тэрбум хүн амтай бөгөөд тэдгээрийн 780,000 нь ХДХВ/ДОХ-ын халдвартай ажээ. Харин манай хойд хөршид ХДХВ/ДОХ-ын халдвар авагчдын тоо жил бүр 50,000 нэмэгдэж байдаг гэсэн тоо үзүүлэлт байна.
Манай улсад ДОХ-ын халдвартай 121 хүн байдаг ажээ. Дээрх бүх тохиолдол бэлгийн замаар халдсан байдаг. Тэгвэл халдвар тээгчдийн 17 нь нас барсан байна. Харин дээрх 121 хүний найман тохиолдол нь сүүлийн нэг сард илэрчээ. Тэгвэл дээрх халдвартай улсын найм нь хүүхэд төрүүлсэн бөгөөд өдгөө хүүхдүүд нь эрүүл бойжиж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл ДОХ/ХДХВ-тэй хүн хүүхэд төрүүлэх бол хүүхдэдээ өвчин халдаахгүй байх эмчилгээ хийлгэдэг бөгөөд эрүүл хүүхэд төрүүлэх боломжтой ажээ.
Энэхүү аймшигт өвчнөөс сэргийлэх шалгарсан аргын нэг нь бэлгийн нэг хамрагчтай байх явдал юм. Хэрвээ бэлгийн хоёр болон түүнээс олон бэлгийн хамтрагчтай бол бэлгэвч хэрэглэж байх хэрэгтэй. Мөн нэг удаагийн зүү тариурыг дахин хэрэглэхгүй байх, мансууруулах бодисноос хол байхыг дэлхийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.
Хэрвээ байнгын бэлгийн хамтрагчгүй бол байнга бэлгэвч хэрэглэхийг залуустаа уриалж байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )