Дэлхий дахинаа ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулдаг 12 дугаар сарын 1-ний өдрийг тохиолдуулан ЭМЯ-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Д.Мөнхбат Монгол улсад энэ өвчнөөс сэргийлэх, оношлогоо, эмчилгээний асуудлыг бие даан шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарч байгаа тул ирэх 2013 онд Үндэсний стратегийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, үндэсний тогтвортой тогтолцоог бэхжүүлэх бодлогын том зорилтыг дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгалаа.
Түүнчлэн тэрбээр хууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс “ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байгаа бөгөөд” энэхүү хууль батлагдсанаар ХДХВ-ын халдвар, ДОХ-оос сэргийлэх асуудалд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, эрүүл мэндийн байгууллага, иргэдийн оролцоог илүү тодотгон оруулж, ХДХВ-ын халдвар авсан буюу ДОХ-той өвчтнүүдийн эрх, нууцлалыг хамгаалах асуудлыг баталгаажуулах явдалд ахиц гарна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
НҮБ-ын Суурин зохицуулагч Сезин Синаноглу хэлэхдээ НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр /UNAIDS/-ийн мэдээлснээр дэлхийн улс орнууд Мянганы Хөгжлийн Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ДОХ-ын талаар авсан амлалтдаа биелүүлэхэд 1000 хоног үлдээд байгаа ч дэлхийн 25 орон ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлыг 50-аас дээш хувиар бууруулж чадсан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ретровирусийн эсрэг эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн тоо 63 хувиар өсч, 2005-2011 оны хооронд ДОХ-оос үүдэлтэй нас баралт 25-аас дээш хувиар буурсан байна. Хэдийгээр ХДХВ-ийн халдварыг таслан зогсооход ахиц гарч байгаа хэдий ч ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдлын тоо өндөр хэвээр буюу 2011 онд 2.5 сая хүн халдварт өртаж, ДОХ-ын улмаас 1.7 сая хүн нас барсан гэсэн тооцоо гарчээ. Өнөөгийн байдлаар дэлхий дээр ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 34 сая хүн байна. Түүний тал хувь нь өөрсдийгөө халдвартай гэдгээ мэдэхгүй. Хэрвээ тэд халдвартай гэдгээ мэдвэл тусламж үйлчилгээнд илүү олноороо хамрагдах болно. Түүнчлэн эмчилгээний үр дүнг сайжруулах, хоёр ба гуравдугаар эгнээний эмчилгээний зардлыг бууруулах, дотоодын эмийн үйлдвэрлэлийг дэмжих, санхүүжилтийн шинэлэг орчинг бүрдүүлэх замаар эмчилгээний тасралтгүй байдал, хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг нэн даруй хийх хэрэгтэй байна хэмээв.
Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол 1992 онд оношлогдож 2012 оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын нийт 121 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. ХДХВ, ДОХ-ын улмаас 17 хүн нас барсан байна. Нийт халдвартай хүмүүсийн 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байгаагаас өндөр эрсдэлт бүлгийн хүн ам дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд ХДХВ-ийн халдварыг 100 хувь бэлгийн замаар авсан байна.
Хурлын төгсгөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зарласан шилдэг бүтээлийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулав.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )