“Монгол сонгодог-1” сонгодог байж чадлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 02

Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны гран прин эзэн, ЦЕГ-ын “Сүлд” чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Монгол сонгодог-1” тоглолт өчигдөр “Тусгаар тогтнолын ордон”-д боллоо. Энэхүү тоглолтоо тэрбээр урлагийн төсөл болгож хэрэгжүүлж эхлээд байгааг уншигч та мэдэж байгаа биз ээ. Тус төслийнхөө хүрээнд Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс цувралаар концерт хийх юм. Үүнийхээ эхлэл болгож Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын сор бүтээлүүдээс түүвэрлэн өргөсөн нь энэ. Тоглолт эхлэхээс өмнөхөн тайзан дээр Н.Жанцанноров гуай төгөлдөр хуурынхаа хөгийг шалгаж буй бололтой ямар нь үл мэдэгдэх аялгуу тоглонгоо зохион байгуулагчидтайгаа энэ тэрийг ярилцаж сууна. Тайзны араар ороход Г.Ариунбаатар дууныхаа нотнуудыг хавтсандаа хийн тайзнаа гарахад бэлтгэж байв. Цаана нь ногоон, цагаан өнгийн дээл, цагаан оройтой малгай харагдах нь эзэнтэйгээ тайзнаа гарахаа хүлээн яарч байгаа мэт.

Г.Ариунбаатар бие даасан анхны тоглолтоо сонгодог уран бүтээлээр эхэлж байгаа нь түүнд маш том даваа болж байгаа нь мэдээж. Тиймдээ ч тэрбээр бага зэрэг сандарч байгаагаа нуугаагүй. Үе үе тайзны баруун хаалгаар шагайж үзэгчид хэр их цуглаж байгааг, хөгжимчид суудлаа эзлэхэд сандал нь бэлэн байгаа эсэхийг харна. Түүний тоглолтод Ардын жүжигчин А.Долгор,  ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Улсын филармоны гоцлол дуучин Д.Отгонжаргал нар ая дуугаа өргөхөөр хүрэлцэн ирээд байв. Түүнчлэн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал хөгжимчид удирдаач урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын хамт ирээд байсан бол Морин хуурын чуулгын хөгжимчид удирдаач Д.Түвшинсайхантай ч мөн иржээ. Гэхдээ зарим хөгжимчид нь цагаа барьсангүй хэмээн зохион байгуулагчид нь бухимдангуй дуугарч байгаа нь сонсогдсон. Ингээд 19:00 цагаас эхлэх ёстой байсан тоглолт цагтаа ирээгүй зарим уран бүтээлчдийн балгаар 20:00 цаг дөхүүлж эхлэв. Үүнийг нь үзэгчид мэдсэн юм шиг мөн л 20:00 цагт 30 хүрэхгүй минут дутуу байхад суудлаа эзлэв.

Г.Ариунбаатарын дуунаас илүү А.Сүхбат аварга залуу эхнэртэйгээ үзэгчдэд сонин байлаа


Сонгодог урлаг болохоор зарим нэгэн рок поп, нийтийн дуучдын тоглолтыг үзэх гэсэн хүмүүстэй харьцуулбал ихэнх нь нас тогтсон, голцуу бизнесмен, олны танил эрхмүүд хүрэлцэн ирдэг. Энэ тоглолт ч тэр зарчмыг тодотгов. Тодруулбал урлагийн салбараас тоглолтын эзний багш, гавьяат жүжигчин О.Ичинхорлоо ирсэн бол мөн л гавьяат жүжигчин Д.Чулуунцэцэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, том Б.Баттөр, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, яруу найрагч Л.Гаваасүрэн хөгжмийн зохиолч эхнэр Д.Цэцэрлэгийн хамт ирсэн бол яруу найрагч Х.Соёмбо, Ц.Эрдэнэбаатар, гавьяат жүжигчин Д.Эрдэнэцэцэг гэр бүлийн хүний хамт ирсэн байв. Харин бизнесийн салбарынхнаас “UFC” группийн ерөнхий захирал О.Амартүвшин гэр бүлийн хүний хамт иржээ. Тэгвэл цугласан олны анхаарлыг хамгийн ихээр татсан хүн бол даян аварга А.Сүхбат болон залуу эхнэр Н.Гарамханд нар байв. Зарим нэг нь тэднийг хамтдаа энд тэндгүй чөлөөтэй явдаг болжээ гэж байсан бол бусад нь “Залуу эхнэр нь арай таргалсан юм уу даа” гэлцэж байв.  

“Хутагтын сахиус” тоглолтыг хөшгийг нээв


Тоглолтын салхийг Морин хуурын чуулгын хамт олон “Хутагтын сахиус”-аар хагалсан юм. Дараа нь Г.Ариунбаатар “Миний номин тал”-аа “Бүжинлхам”-тайгаа дуулж үзэгчдийн алга ташилтыг “цуглуулав”. Дараа нь соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны шүлэг “Зүүд шиг өнгөрдөг хорвоо”-г дуулахад үзэгчид үнэхээр сайхан үг, аятай дуу юм. Сайхан ч дуулж байна гэх нь сонсогдсон. Энэ мэтчилэн тэрбээр хэд хэдэн дуу дуулсны дараа Н.Жанцанноров гуай “Би Ариунбаатарынхаа хоолойг жаахан амраамаар санагдлаа. Та нар миний дуулахыг сонсмоор байна уу” гээд төгөлдөр хуурынхаа ард суув. Ингээд тэрбээр “Бурхан бумбын орон”-ыг Г.Ариунбаатартай дуулав. Түүний дараа Г.Ариунбаатар “Арвайн тал” хэмээх нэгэн сайхан дуугаар үргэлжлүүлсэн. Тэр дууг Н.Жанцанноров гуай төрсөн нутаг Өвөрхангай аймгийнхаа Арвайхээрийн талдаа зориулж зохиосон гэсэн. Харин шүлгийг нь нутгийн найрагч, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж бичсэн гэнэ. Уг нь тэр дууг гавьяат жүжигчин Г.Ганбат дуулж байсан. Түүнийг дуулахад Г.Ганбат агсан санагдах шиг болсныг нуух юун. Н.Жанцанноров гуай “Дууны шүлгийн зохиолч, дуучин хоёр маань бурхан болсон тул би энэ дуугаа өөр хүнээр дуулуулалгүй олон жил хадгалсан. Харин саяхнаас бодол минь өөрчлөгдөж Г.Ариунбаатараар дуулуулаад байгаа юм” гэв.

Түүний дараа “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал “Аз жаргалын бороо”-гоо шиврүүлсний дараа Г.Ариунбаатартай “Хайрлан дуулмаар байна”-ыг эгшиглүүлсэн юм.

А.Долгор тоглолтын цагийг ашиглаж халтуур хийсэн ч хоцорсонгүй


Тус тоглолт нь цаг хэртэй хойшилсны улмаас оролцон тоглосон хүмүүстээ ч нөлөөлсөн. Хамгийн ихээр А.Долгорт нөлөөлөв. Учир нь өчигдөр “Номин” ХХК-ий 20 жилийн ой тохиожээ. Тэр ойд А.Долгор “Номин” дуугаараа ая өргөх ёстой байж. Гэтэл тус тоглолт цагтаа эхлээгүй улмаас тэрбээр тэрхүү компанийн ойн арга хэмжээнд оролцож чадахгүйд хүрэв. Аз болоход А.Долгорын дуулах номер төгсгөл хэсэгт нь байсан болохоор тэрбээр жолоочоо дуудаж УИД рүү явж дуулахаар болов. Харамсалтай нь замын түгжрээ гэж эцэстээ тулсан манай улсад УИД явж дуулчихаад ирэх хугацаа байсан ч нэлээд удав. Ямар сайндаа Н.Жанцанноров гуай тайзны араар орж байн байн утсаар ярина. Түүнийг ирж байгааг мэдэхдээ санаа нь бага ч гэсэн амарсан бололтой хөтлөгч С.Чимгээгийн дэргэд сууж “Ний нуугүй ярихад нэг асуудал болоод байгаа юм аа. Үзэгч та бүхэн уучлаарай” гэхэд үзэгчид гайхахын зэрэгцээ түүний учирлаж хэлсэн үгийг нь сонсохдоо өөрийн эрхгүй инээцгээв.

Тэрбээр тайлбарлахдаа “Уг нь одоо А.Долгор дуулах ёстой. Гэтэл өнөөх чинь “Номин”-гийн ойд дуулах ёстой гээд явсан чинь ирдэггүй. Гэхдээ сая утсаар ирж байна гэж хэллээ. Тэр болтол нь Г.Ариунбаатарыгаа дуулуулъя гэсэн ч бэлдсэн дуу нь дуусчихсан. Тиймээс хоол болтол шийр зугаа гэгчээр удирдаач Н.Бүтэнбаяраар ямар ч нот харуулалгүй ямар нэгэн хөгжим удирдуулъя. Үзэгч та бүхэнд ч гэнэтийн бэлэг болно” гээд “Уран хас”-ыг тоглуулсан. Ингээд хөгжим эгшиглэж бараг дуусаагүй байхад А.Долгор тэнгэрийн өнгийг өөртөө наав уу гэлтэй хөх даашинзаар гоёж тайзнаа гарч ирж үзэгчидтэйгээ мэндчилээд “Магнаг цэнхэр” дуугаар Г.Ариунбаатарын анхны тоглолтод нь бэлэг барив. Түүний дараа тэрбээр Ө.Уянга, Г.Ариунбаатар нарыг тайзнаа урьж “Хүний заяа” дууг дуулснаар тоглолт өндөрлөсөн юм.    

Н.Жанцанноров гуай тун сайн хөтлөгч болох нь


Аливаа тоглолтын хөтлөгчийн үүргийг хэн хүлээх нь сонирхолтой байдаг. Тухайн хөтлөгч нь оногдсон тоглолтоо улам ихээр амилуулах уу, үгүй юу гэдэг нь тодорхойлогддог. Энэ тоглолтын хөтлөгчөөр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар ажилласан. С.Чимгээ Г.Ариунбаатарыг “Хань минь дээ” дууг дуулах гэхэд “Би энэ дууг өнөө өглөө Youtube-ээр сонссон. Үнэхээр гоё дуу болсон байна билээ. Баярласандаа ханийгаа үнссэн. Ханьдаа улам хайртай болох шиг болсон шүү. Тэгэхээр үзэгч та бүхэн энэ тоглолтыг дууссаны дараа гэртээ хариад ханийгаа үнсээрэй” гэсэн юм. Энэ үгийг нь Н.Жанцанноров гуай үргэлжлүүлэн “Энэ дууны шүлгийг надтай их хуралд хамт сууж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж бичсэн юм. Бид хоёр найз л даа. Тэр надад энэ шүлгээ өгөхдөө “Би өмнө нь шүлэг бичиж байгаагүй. Дахиад ч бичихгүй. Үүнийг л дуу болгоод өгөөч” гээд надад өгсөн юм. Шүлгийг нь уншсан чинь тэр ганцхан шүлэг бичсэн болохоороо ч тэр үү их сайн бичсэн билээ. Одоо Г.Ариунбаатарыг хэрхэн дуулсныг хамтдаа сонсъё” гэв.

Ингээд түүнийг дуулсны дараа Ж.Бямбадорж Н.Жанцанноров, Г.Ариунбаатар нарт баглаа цэцэг дурсгаж баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Харин тэр баглаа цэцгийг Н.Жанцанноров гуай хамтран зүтгэгч С.Чимгээдээ гардуулж байгаа харагдсан. Энэ үеэр Н.Жанцанноровыг үзэгчид тун сайн хөтлөгч юм гэх нь сонсогдсон. Шинэ жилийн захиалга эхэлсэн болохоор түүнээр хөтлүүлэх гэсэн албан байгууллагууд ч утсыг нь амраахгүй байх юм бил үү хэн мэдлээ. Ямартай ч харж л сууя.

Тоглолтын үеэр ногоон дээлтэй, булган малгайтай ахимаг насны хүн хадаг, мөнгөн аягатай барьж тайзнаа гарсан нь Г.Ариунбаатарын аав ажээ.   

Г.Ариунбаатар бүх дуугаа өөрөө сонгожээ


Г.Ариунбаатарыг Төв аймгийн Өнжүүл сумын эрх хүү гэдгийг уншигч та мэдэж байгаа биз ээ. Түүний тоглолтыг нутгийн удирдлагууд болон зон олон нь болох УИХ-ын гишүүн асан Д.Дондог, даян аварга А.Сүхбат тэргүүтнүүд тайзнаа гарч баяр хүргэн баглаа цэцэг гардуулсан юм. Энэ үеэр Н.Жанцанноров гуай “Г.Ариунбаатарыг М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас гран прин эзэн болоод ирэхэд нь даян аварга А.Сүхбат “Дүүдээ баярласнаа илэрхийлж энэ өчүүхэн зүйлийг өгье” гээд дугтуйтай юм өгсөн гэсэн. Тэр дотор нь нэлээд хэдэн төгрөг байсан гэсэн шүү” гэв. Ингээд тоглолтын дараа Г.Ариунбаатарын аав, ээж, эхнэр, ах, дүү, найзууд нь дурсгалын зураг татуулсан юм. Тоглолтын дараа Г.Ариунбаатараас сэтгэгдлийг нь сонсоход “Яг үнэндээ хамгийн түрүүнд сайхан амармаар байна. Өнгөрсөн наймдугаар сараас эхэлж бэлтгэл ажил эхэлсэн болохоор нэлээд ядарсан байна шүү" гэв. Харин дараагийн тоглолтоо хэзээ, хэн гэдэг хөгжмийн зохиолчийн шилдэг бүтээлүүдээр тоглох гэж байгааг нь асуухад “Одоогоор тодорхойгүй байна. Энэ жилдээ арай амжихгүй. Энэ тоглолтынхоо цомог энэ тэрийг хийж өнжинө. Ирэх жилээс л тоглоно доо” гэсэн. Харин Н.Жанцанноров гуайгаас тоглолтын дараа асуухад “Сайхан тоглолт боллоо. Г.Ариунбаатар нэлээд хүнд дууг өөрөө сонгосон. О.Ичинхорлоо багш нь тоглолтын өмнөх өдөр ирж сонгосон дууг харчихаад “Ямар хүнд дуу сонгодог юм” гэж загнасан. Тэгэхээр нь би их айж байлаа. Гэтэл сайхан л дуулаад өнгөрүүллээ шүү дээ” гэв.     

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top