Өнгөрсөн долоо хоногт нийслэл хот ирэх оны төсвөө баталсан. Ирэх оны нийслэлийн төсвөөс ажиглахад Улаанбаатар хот бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтдаа илүүтэй анхаарал хандуулжээ гэсэн өнгө мэдрэгдэж байлаа. 2013 оны жилд зарцуулах төсвийн нийт зарлагын хэмжээг 301 тэрбум 890 сая 491,3 мянган, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардалд нийслэлийн төсвөөс 201 тэрбум 648 сая 245,5 мянган, замын сангаас 15 тэрбум 527 сая 960,0 мянган буюу нийт 217 тэрбум 176 сая 205,5 мянган төгрөг байхаар баталсан явдал юм.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэг 16 тэрбум 618 сая 594,5 мянган төгрөгийг нийслэлийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулна. Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 62,1 хувийг үйлдвэрлэж, улсын нэгдсэн төсвийн орлогын 34,0 хувийг төвлөрүүлж, барилга, худалдаа, үйлчилгээ, тээвэр холбоо, хүн амын бусад үйлчилгээний 70.0 хувийг үзүүлж, нийслэл хотод 1 сая 204,7 мянган хүн оршин сууж байгаа гэсэн статистик тооцоо судалгаа гарсан байдаг.
Сүүлийн дөрвөн жил нийслэл хотын хувьд санхүү, эдийн засгийн хувьд тогтвортой хөгжлийн жилүүд байхын зэрэгцээ төсвийн үзүүлэлтүүд тогтмол сайжирч, улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдэж, бүтээн байгуулалтын ажил өрнөсөн он жилүүд байлаа.
Тухайлбал, нийслэлийн төсвийн орлого 2009 оныхоос 2012 гэхэд 2,4 дахин өсч 327,4 тэрбум төгрөгт, төсвийн нийт зарлагын хэмжээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 6,3 дахин өсч 388,7 тэрбум төгрөгт хүрч, нийслэлийн төсвөөс 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 233,8 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа нь 2009 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын дүнтэй харьцуулахад даруй 12,2 дахин өссөн дүн гарчээ.
Нийслэлийн төсвийн үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч энэ нь нийслэлийн өнөөгийн цаг үед үүсч байгаа хэрэгцээ шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа нь хэн бүхэнд тодорхой бий. Хэдийгээр улсаас нэгдсэн бодлогоор орон нутгийн төсвийн бие даасан байдлыг дэмжих бодлого баримталж байгаа хэдий ч энэ нь ялангуяа Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суугаа нийслэл Улаанбаатар хотын өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, автозам, дэд бүтэц, агаарын бохирдол, хот төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогын томоохон өөрчлөлт гарган, зохистой арга хэмжээ авч нэн түрүүнд хэрэгжүүлэх чухал ажил болоод байна.
Нийгмийн шаардлагын дагуу өсөн нэмэгдэж байгаа төсвийн зарлагын өсөлтийг хангахад төсвийн орлогын тогтвортой өсөлт, тэр дундаа хүн амын орлогын албан татварын өсөлт голлох үүргийг гүйцэтгэх нь мэдээж. Сүүлийн дөрвөн жилд нийслэлийн төсвийн орлогын өсөлт 2009-2010 онд 30,9 тэрбум төгрөг, 2010-2011 онд 82,2 тэрбум төгрөг, 2011 - 2012 онд 78,3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.Төсвийн зарлагын хувьд 2009-2010 онд 42,2 тэрбум төгрөг, 2010-2011 онд 75,9 тэрбум төгрөг, 2011-2012 онд 209,2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн дүн гарсан талаар албаны хүмүүс танилцуулгадаа онцолж байсан.
Өмнөх дугаартаа бид нийслэл хотын өнгөрсөн оны төсвийн зарцуулалт хийгээд үр дүн , ирэх оны төсвийг НИТХ-ын төлөөлөгчид хэрхэн ямар зурагтай байхаар баталсан талаарх мэдээллийг хүргэсэн учраас дэлгэрүүлэн цувралаар хүргэх юм. Энэ удаад авто замын салбарт ямар бүтээн байгуулалтын ажил хийгдэх, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах бол.
Улаанбаатар хот нэг , хоёр , гуравдугаар тойрог замтай болно
Ирэх дөрвөн жилд шинээр 212 км авто замыг барьж, 350 км авто замыг шинэчлэхээр энэ удаагийн шинээр сонгогдсон хотын удирдлагууд шийдсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын нэг, хоёр, гуравдугаар тойрог замыг шинээр бий болгох, тойрог замыг холбосон туслах зам, хотын алслагдсан дүүрэг, шинээр баригдах орон сууцны цогцолбор хорооллуудыг холбосон авто замуудыг бий болгох зорилтыг дэвшүүлжээ.
Улаанбаатар хотын авто замын салбарт 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглүүлэн нийслэлийн авто замын сүлжээг нэмэгдүүлэх, шинэчлэн сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг багасгахад чиглүүлэн боловсруулсан болохыг холбогдох албаныхан нь танилцуулсан.
Авто замын салбарт нийслэлийн төсвөөс 28,1 тэрбум төгрөг, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 15,5 тэрбум төгрөг, нийт 43,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийслэлийн төсвийн 28,1 тэрбум төгрөгөөр нийт 22,7 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх юм байна.
Тухайлбал, Төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам, "Зүүн Сэлбэ" орон сууцны хороолол доторх 0.6 км авто зам, Гэмтлийн эмнэлгийн замаас баруун тийш Нэгдүгээр хорооллын арын замтай холбогдох 1.2 км авто зам, Нарны зам, Баянмонгол хорооллыг холбосон 0.2 км авто зам, автомашины нүхэн гарцын хамт хийх аж.
Мөн Сэлхийн зуслангийн 4.5 км авто зам, Цагаан давааны хогийн цэг хүрэх хайрган хучилттай авто зам, Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбийн баруун эргээр Бээжингийн гудамж хүрэх 0.7 км авто зам, Халдвартын автобусны эцсийн зогсоолоос зүүн тийш Нарны зам хүртэлх авто замуудыг шинээр барьж, Олимпийн гудамж, Дандарбаатарын гудамж, Шүүхийн гудамж, Сөүлийн гудамжны Гранд Плазагийн уулзварын шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
2013 онд нийслэлийн замын санд 15 тэрбум 527,9 сая төгрөгийг төвлөрүүлэн зам засварын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 2012 оны төлөвлөгөөтэй харьцуулахад 7.0 хувиар өсчээ. Нөгөө талаар нийслэлийн замын сангийн хөрөнгийн 92,7 хувийг авто зам, замын байгууламжийн засвар арчлалтанд, 7,3 хувийг авто тээврийн хэрэгслэлийн улсын үзлэг тооллого явуулах, зам гүүрийн техник ашиглалтын түвшинг тодорхойлох зэрэг бусад ажилд зарцуулах юм байна.
Харин хотын гол болон туслах гудамж, авто замуудын засварт 4 тэрбум 360,0 сая төгрөг, орон сууцны хорооллын доторх авто замын засварт 3 тэрбум 204,9 сая төгрөг, хотын захын гол гудамж, авто замуудын байнгын засвар, арчлалтын ажилд 3,0 тэрбум төгрөг, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, тоноглолын ажилд 1,6 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
Ирэх онд Улаанбаатар хотын авто замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулан иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангахад онцгой анхаарч ажиллана гэдгээ Авто замын газрын дарга тодотгож байсан.. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Хот байгуулалтын салбар" төслийн Улаанбаатар хотын хариуцах хөрөнгө 364,6 сая төгрөгийг нийслэлийн замын санд тусгаж өгсөн байна.
Уг төслөөр Баруун салааны 4.1 км, Орбит Тахилтын 7,1 км авто замыг ашиглалтанд өгч, Баянзүрх дүүргийн Ботаник-Шархадны 6,5 км авто замын ажлыг үргэлжлүүлэн барьж гэр хорооллын авто замын нөхцөлийг сайжруулах юм. Түүнчлэн ирэх оноос Улаанбаатар хотын авто замын сүлжээг тойрог замын системд шилжүүлж, гүүрэн гарц, хоёр түвшний уулзваруудыг зургаан уулзварт барьж байгуулах ажлыг Хөгжлийн банк, гадаадын зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж эхлэх таатай мэдээ ч бас байгааг энэ үеэр танилцуулсан.
Б.Болорчимэг
Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"
Сэтгэгдэл ( 0 )