Бидний нэрлэж заншсанаар “Дэнжийн мянга”, одоогийнхоор “Хүчит шонхор” захын худалдаа эрхлэгч-түрээслэгчдийн ҮЭ-ийн хорооны дарга, хоёр тэргүүлэгч өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан ч одоогоор 100 орчим түрээслэгч нэгдэн хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө жагсаал хийхээр болсон тухай мэдээлэл цацагдсаар байна.
Учир нь тус захын газар нь төрийн өмч атал түрээслүүлж, үйл ажиллагаа явуулдаг эзэд нь хэтэрхий нэг талыг баримталсан гэрээ байгуулдаг гэнэ. Тухайлбал, түрээслэгчидтэй хууль бусаар харьцах, шударга үнэн асуудал тавьсан түрээслэгчдэд ажлын байрны болон сэтгэл санааны дарамт үзүүлж, нэр хүндэд нь халддаг ажээ. Захын түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгч, гишүүд эрх ашгийнхаа төлөө хууль ёсны асуудал тавихад гүжирдэн гүтгэж, шүүх цагдаагийн байгууллагад үндэслэлгүй нэхэмжлэл гаргах, ажлын байрыг нь хааж лацдах зэрэг дарамт үзүүлж, шударга хөдөлмөрчдийг ноцтой хохироож байна гэсэн юм. Түүнчлэн захын түрээсийн үнэ тогтвортой бус байдгаас гадна өглөө 07.00-07.30 цагийн хооронд түрээсээ авдаг, бага зүйлд торгууль тавьдаг, үндсэн түрээслэгчээс гадна хамтран эзэмшигч, туслах ажилтнаас нь хүртэл түрээс авдаг байна. Тэдний хэлж буйгаар зах дээр зогсож байгаа хүн ганцаараа зогсох боломжгүй аж. Заавал зөөж, тээвэрлэх хүн хэрэгтэй байдаг. Мөн хамтран эзэмшигчээс тухайн лангуу павильонд зогсдог, зогсдоггүй хамаагүй түрээс авдаг байна. Эдгээр нь ч гэрээндээ тусгагдсан байдаг тул асуудал болгож ярьсан ҮЭ-ийн хорооны дарга болон хоёр тэргүүлэгчийн павильоныг хааж лацдаад 12 хоног болсон учир ийнхүү өлсгөлөн зарлах болжээ. 10-аад хоног захын захиргаатай зөвшилцөж, гэрээний тал дээр уян хатан байж хамтран гэрээ байгуулахыг хүссэн боловч үр дүнд хүрээгүй тул ийнхүү өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байсан юм.
Харин тус захын зарим түрээслэгчид өлсгөлөн зарлах талаар огтхон ч мэдээгүй байгаа юм байна. Тухайлбал, өлсгөлөн зарлана гэж мэдэгдээд буй н.Сайнзаяа, н.Энх-Амгалан нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн түрээслэгчид хэмээн “Хүчит шонхор” хүнсний захын хяналтын байцаагч нь мэдэгджээ. Харин зарим түрээслэгчид нь “Одоогоор бидэнд Үйлдвэрчний эвлэл гэж байхгүй. Дээрх хоёр түрээслэгч гадаа үүдэнд зогсдог махны бөөний худалдаачин гэж сонссон үүнээс өөр мэдээлэл алга. Манай захын удирдлагуудаас бидэнд ямар нэгэн дарамт шахалт ирдэггүй. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа” гэжээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )