Хот шинэ Ерөнхий менежертэй боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 03

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Ч.Батыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүний оронд Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Болдын Бадралыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Б.Бадрал нь 1963 онд төрсөн. 1970-1980  онд Зөвлөлтийн 2-р дунд сургууль, 1980-1981 онд Политехникийн дээд сургуулийн Инженерийн бэлтгэл, 1981-1986 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийн цахилгааны инженер, 1992-1993 онд Удирдлагын Институт, 2000-2002 онд Австрали улсын UNSW-д суралцаж төгссөн. Техникийн ухааны магистр цолтой. Цэргийн алба хаасан.

1986-1992 онуудад “Төвийн эрчим хүчний систем”-д ээлжийн диспетчер, ерөнхий диспетчер, 1988 оноос  “Төвийн эрчим хүчний систем”-д Ахлах диспетчер,1990-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын депутат, 1992-1994 онд АНУ-ын “Олон улсын хөгжлийн Агентлаг”-т Эрчим хүчний төслийн менежер, 1994-1996 он Японы “Марубени” корпорацийн Улаанбаатар дахь төв газрын дэд бүтцийн менежер, 2003-2004 онд “Энержи Интернэшнл” ХХК-ийн захирал, 2004-2006 онд “ТЭХЯ”-ны Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын дарга, 2006 оноос одоог хүртэл “Энержи Интернэшнл” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, “Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч, “Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл”-ийн Эрчим хүчний салбарын орон тооны бус шинжээчээр ажиллаж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 30-наас эхлэн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top