Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт “Хүчит шонхор” захын ҮЭХ-ны дарга, хоёр тэргүүлэгч, гишүүдийн хамт мэдээлэл хийсэн. Ингэхдээ тус захын газар нь төрийн өмч атал түрээслүүлж, үйл ажиллагаа явуулдаг эзэд нь хэтэрхий нэг талыг баримталсан гэрээ байгуулдаг, түрээсийн үнэ тогтвортой бус байдгаас гадна өглөө 07.00-07.30 цагийн хооронд түрээсээ авдаг, бага зүйлд торгууль тавьдаг, үндсэн түрээслэгчээс гадна хамтран эзэмшигч, туслах ажилтнаас түрээс авдаг, хууль бусаар харьцдаг, шударга үнэн асуудал тавьсан түрээслэгчдэд ажлын байрны болон сэтгэл санааны дарамт үзүүлж, нэр хүндэд нь халддаг гэсэн юм. Тодруулбал, түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгч, гишүүд эрх ашгийнхаа төлөө хууль ёсны асуудал тавихад гүжирдэн гүтгэж, шүүх цагдаагийн байгууллагад үндэслэлгүй нэхэмжлэл гаргах, ажлын байрыг нь хааж лацдах зэрэг дарамт үзүүлдэг аж. Иймд ҮЭ-ийн хорооны дарга болон хоёр тэргүүлэгчийн павильоныг хааж лацдаад 12 хоног болсон учир ийнхүү өлсгөлөн зарлах болсноо мэдэгдэж, Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө хоёр дахь өдрөө болж буй. Тэд 10-аад хоног захын захиргаатай зөвшилцөж, гэрээний тал дээр уян хатан байж хамтран гэрээ байгуулахыг хүссэн боловч үр дүнд хүрээгүй тул ийнхүү өлсгөлөн зарлах болсон гэж байгаа. Уг өлсгөлөн зарлаж буй гурван хүн нь тус захад гадаа борлуулалт хийдэг түрээслэгч, ченжүүд юм байна.
Харин өнөөдөр тус захын лангуу түрээслэгчид мөн мэдээлэл хийв. Тодруулбал, уг өлсгөлөн зарлах болсон тухай мэдээлэл гарснаас хойш хөдөө орон нутгаас бэлтгэн нийлүүлэгчид нь байнга утсаар холбогдож зах хаагдах эсэх талаар асууж, худалдан авалт ч багассан гэлээ. Иймд тэд “Хүчит шонхор” захын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдээлэх болсон аж. Мөн захын удирдлагуудаас түрээслэгчдэд дарамт шахалт үзүүлдэггүй. Харин ч цэвэр цэмцгэр байлгахын тулд шаардлага тавьдаг. Тэгээд ч түрээс бидний хувьд тийм өндөр байдаггүй. Сүүлийн гурван жилд тогтвортой байгаа гэсэн юм. Түүнчлэн, ҮЭХ байдаг эсэх болон өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн талаар тодруулах гэсэн боловч “Бид тэр тухай мэдэхгүй” гэв.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )