Монголын ураны баялгийн 90 хувийг гадныхан эзэмшиж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 02

Дэлхий нийтээр атомын зэвсэг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг идэвхтэй эрэлхийлж эхэлсэн 1940-өөд оны үед манай улсад ураны хайгуул, судалгааны ажил дөнгөж өрнөж байв.

Өнөөгийн байдлаар манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд ураны хайгуул хийсэн бөгөөд 65 мянган тоннын нөөцтэй гэсэн дүгнэлт гарсан билээ. Энэ хэмжээг тогтоосны дараа Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 16 дугаарт жагссан юм. Гэхдээ Дорноговь аймгийн Дулаан-Уул дахь “Арева Монгол”, Дорнодын Мардай дахь “Гурван сайхан” компанийн хайгуулын дүн гарсны дараа энэ тоо өөрчлөгдөх нь тодорхой.

Түүнчлэн Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймагт ч ураны шинэ илэрцүүд бий гэдгийг тогтоосоор байгаа. Тиймээс олон улсын зүгээс ойрын 10 жилийн хугацааг Монголын ураны хайгуулын оргил үе болно гэж үзэж байгаа аж.

Одоогоор хайгуулын 109, ашиглалтын хоёр лиценз хүчин төгөлдөр байгаа юм. Гэхдээ эдгээрийн 90 гаруй хувь гадны компанийн нэр дээр, эсвэл Монголын компани гэдэг ч гадаад эзэнтэй байдаг.

Уран бага хэмжээгээр олборлож буй компани хоёрхон бий. Харин олборлосон ураныг туршилт нэрийн дор гадаадад гаргадаг. Тиймээс манай улс ураны лицензтэй компаниудаас талбай ашигласны түрээс, татвар төдийхөн л авч, цөмийн энергийн салбараа “урагшлуулж” байна.

Уг нь энэ салбарыг дэлхий нийтээр стратегийн хамгийн том түшиц гэж үздэг. Тиймдээ ч дэлхий дээр газрын тос, ураныг хамгийн амжилттай эзэмшсэн улсууд тэргүүлэх байр суурийг хүртдэг.

Ураны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниудаас Францын төрийн өмчит “Арева” компанийн салбар “Арева Монгол”, “Кожеговь” хамгийн том нь. Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй бөгөөд одоогоор газрын гүнд ураны исэл (шар нунтаг) гарган авахаар туршиж байгаа. Энэ онд Дорноговьд ураны исэл гарган авах үйлдвэр байгуулахаар төлөвлөж, 2017 оноос олон улсад нийлүүлэхээр тогтсон.

Гэхдээ энэ бол францчуудын төлөвлөгөө. Монголын талаас өнөөг хүртэл исэл экспортолж эхлэхийн цагт ашгийг хэрхэн хуваах талаар тохиролцоогүй байгаа юм.

“Кожеговь”-ийн хувьд Дорноговь аймагт “Дулаан-Уул” төслийг хайгуулын ажлын хүрээнд хэрэгжүүлнэ гэсэн ч тун удалгүй үйлдвэр барих хэмжээний зөвшөөрлийг өөрийн болгожээ. Өдгөө шар нунтаг гарган авахаар туршсан нь амжилттай болж, олон улсын анхаарлыг хэдийнэ татсан. Гэхдээ Франц дахь толгой компанид нь асуудал гарч, ажилчдаа мянга мянгаар цомхотгож эхэлсэн нь Монголд үйл ажиллагаа явуулж буй салбаруудад нь хүндээр тусах нь мэдээж.

Цөмийн энергийн салбарт толгой цохидог гадаадынхан дунд АНУ, ОХУ, Бермудагийн хамтарсан “Гурвансайхан” компани дээгүүрт орно. ТӨХ 15 хувийг нь эзэмшдэг гэх ч монголчуудын нөлөө төдийлөн тусдаггүй тус компани 1994 оноос хойш Монголд уран хайсаар байгаа.

Ураны салбарт үйл ажиллагаа явуулж буй гадны компаниуд

-“Арева”-Францын төрийн мэдлийн компани.

-“Кожеговь”-Францын хөрөнгө оруулалттай. “Арева”-гийн охин компани.

-“ЭмЮүСи ресорсиз”-Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“Грави Маг”-Австралийн хөрөнгө оруулалттай компани.

-“Эмээлт майнз”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“Вестерн проспектор”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, “Эмээлт майнз”-ын толгой компани.

-“Гурвансайхан”-АНУ, ОХУ, Бермудагийн хамтарсан компани.

-“Камеко Монгол”-Канадын хөрөнгө оруулалттай комапни.

-“И Эй Эм эксплорэйшн”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“Роллинг хиллс”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“Рэдхилл мега ураниум”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“ТМОБ”-Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(198.228.200.163) 2014 оны 01 сарын 03

Монгол улс , нуурс муурс бусад ашигт малтмалтаи газраа гадаадыханд огоод зараад дуусч баигаа, энэ олон уул уурхаинууд бугд уил ажиллагаа нь жигдрээд ирвэлМонгол улс гэж устаж угуи болно, одоо ураны иим их лизензтэи компанууд олборлоод, баяжуулаад эхэлвэлМонгол орон гэж цомиин даины дараах шиг болно, Яг одоо ороитоигудээр нь ядаж Монгол улсад уран олборлохыг хуулиар хориглое.Монгон

0  |  0
Top