Эрчим хүчний гол эх үүсвэрээс гадна ган, цементийн үйлдвэрлэл болон бусад аж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг чухал түлш бол нүүрс. Дэлхийн нүүрсний батлагдсан нөөц 861 тэрбум тонн гэсэн тооцоолол бий. Тэгвэл үүний дийлэнх нь буюу 68 хувь нь АНУ, ОХУ, Хятад, Австрали улсад ногдож байгаа бол манай улс нүүрсний батлагдсан нөөцөөрөө дэлхийд эхний аравт багтаад байгаа. Манай улсад нийт 85 орчим орд газарт нүүрсний 173.3 тэрбум тоннын геологийн нөөц тогтоогдсоноос батлагдсан нь 24 тэрбум тонн гэгддэг бөгөөд бидний хамгийн сайн мэддэг болоод байгаа ордууд нь Тавантолгой, Ухаа худаг, Овооттолгой, Хөшөөт гэсэн хэдэн орд газар юм. Тэгвэл нүүрсний нийт нөөцийн 12.2 тэрбум нь эрчим хүчний, 2 тэрбум нь коксжих, үлдсэн 8.1 тэрбум тонн нь хүрэн нүүрс байна. Арвангурван оны байдлаар нүүрсний салбарт төрийн өмчит 1, төрийн өмч давамгайлсан 2, орон нутгийн өмчит 3, хувийн хэвшлийн 40 гаруй уурхайд 60 гаруй аж ахуйн нэгж идэвхитэй үйл ажиллагаа явуулж, нүүрс олборлож байна Нүүрсийг чийглэг, үнслэг, дэгдэмхий бодис болон коксын гарц, шинж байдал, хүхрийн агуулга, илчлэг зэрэг чанарын үзүүлэлтүүдээс нь хамааран сайн чанарын чулуун нүүрс болон хүрэн нүүрс гэж ангилна. Манай орны сайн чанарын чулуун нүүрсний нөөц нь нутгийн баруун, баруун өмнөд, хойд хэсгээр, харин чанарын зэрэглэл багатай хүрэн нүүрсний нөөц зүүн, зүүн өмнөд хэсгээр тархсан байгаа юм.
Цаашилбал, стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой, Ухаа худаг, Баруун наран, Нарийнсухайт, Овоот толгой, Хөшөөт зэрэг томоохон, сайн чанарын коксжих нүүрсний орд газрууд нь нутгийн өмнөд болон баруун хэсгээр, Хятад улсын хилтэй ойр байрлаж, нүүрсний судал нь газрын гадаргатай ойр оршдог нь ил ашиглалтын арга, технологиор хямд өртгөөр олборлож, харьцангуй бага тээврийн зардлаар экспортлох боломжтой байна. Арванхоёр оны байдлаар нүүрсний салбар аж үйлдвэрлэлийн 22 хувь, экспортын 43 хувийг эзэлж байсан. Гэтэл арвангурван оны эхний хагаст эдгээр үзүүлэлтүүд огцом буурсан юм. Үүний гол шалтгаан нь манай экспортын нүүрсний өрсөлдөх чадвар сайжраагүйтэй холбоотой гэдгийг шинжээчид хэлж байна.
Манай улс жилд ойролцоогоор 30 сая тонн нүүрс үйлдвэрлэж, үүнээс 21 сая тонн орчим коксжих нүүрсийг экспортлон, 7 сая тонн нүүрсийг хэрэглэж байна. Дотоодын нүүрсний хэрэглээний 80 хувийг төв, зүүн, баруун бүсийн цахилгаан станцуудад түлшний зориулалтаар, үлдсэн хувийг үйлдвэр, барилга, тээвэр, ХАА, дулааны болон бусад зориулалтаар ашигладаг. Дулааны цахилгаан станцуудын хэрэгцээт нүүрсийг Багануур, Шивээ Овоо, Шарын гол, Адуунчулуун болон ойролцоох жижиг уурхайнуудаас хангаж байгаа бөгөөд эдгээр уурхайн эрчим хүчний болон хүрэн нүүрсийг зөвхөн дотоодод хэрэглэж байна. Монгол Улсаас эрчим хүчний нүүрс Хятадад экспортлох нь одоогоор эдийн засгийн хувьд үр ашиггүй байгаа тул голчлон коксжих нүүрсийг экспортод гаргаж байна. Хятад улс дотооддоо эрчим хүчний нүүрсний нөөц ихтэй, дэлхийн томоохон нийлүүлэгч орон юм. Манай улс анх 2003 оноос нүүрс экспортолж эхэлсэн байдаг. Нүүрсний экспортын биет хэмжээ 2007 оноос эрчимтэй нэмэгдэж, 2010, 2011 онд харгалзан 133 хувь, 27 хувиар өсч, 2012 оны гүйцэтгэлээр 20.5 сая тонн нүүрс экспортолжээ. 2009 оноос хойш Хятад улсын коксжих нүүрсний импортод Монгол Улсын эзлэх хувь хэмжээ жигд өссөөр 2012 оны эцсийн байдлаар 36 хувийг эзэлж байв. Гэтэл арвангурван оны эхний 10 сарын байдлаар уг үзүүлэлт 19 хувь болж буурсан үзүүлэлттэй гарсан юм.
Монголын нүүрсний экспортын дундаж үнийг бусад орнуудтай харьцуулахад ойролцоогоор 2 дахин бага байна. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс Чалко тийш өр хаан урсахдаа тонн нь бүр 70-аас 40 ам.доллар руу унаж байсан гэхчлэн мэдээллээс үзэхэд Монголын нүүрсний өрсөлдөх чадвар тун тааруу байгааг ойлгож ядах юмгүй. Энэ нь нүүрсний чанарын үзүүлэлт гэхээсээ илүүтэй Монголоос Хятад руу нүүрс тээвэрлэх өртөг өндөр, нүүрс худалдан авагч Хятадын талтай байгуулсан гэрээний нөхцөлүүд тааруу байгаатай холбоотой гэдгийг эдийн засагчид хэлдэг.
Нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа боловч дийлэнх нүүрсийг цөөн хэдэн компаниуд экспортолж байгааг бас хэлэх хэрэгтэй. Тухайлбал, 2012 оны байдлаар нийт 70 компани Монгол Улсаас нүүрс экспортолсноос Монголын алт МАК ХХК 26.4 хувь, Энержи Ресурс 26.2 хувь, Эрдэнэс Таван толгой ХК 11.6 хувь, Тавантолгой-Транс 9.9 хувь, Саусгоби сэндс ХХК 9.7 хувь, Чинхуа-МАК-Нарийн Сухайт ХХК 6.3 хувийг эзлэх нүүрсийг экспортлосон нь нийт нүүрсний экспортын 91 хувийг бүрдүүлсэн байгаа. Арвангурван оны тухайд ч эдгээр компаниуд экспортын дийлэнхийг бүрдүүлсэн. Гэхдээ өнгөрсөн онд онд нүүрсний үнэ дунжаар 40 хувийн уналттай байсан. Тиймээс ч нүүрсний олборлолт 28.6 сая тонн буюу 92.8 хувьтай байхад татварын орлого бүрдүүлэлт 241 тэрбум төгрөг буюу 58.9 хувьтай байсан юм.
Мэдээж Монголын нүүрсийг үнэд хүргэхийн тулд төмөр замын дэд бүтцийн асуудал урагшлах хэрэгтэй. Далайд гарцгүй Монгол нүүрсээ гуравдагч зах зээлд гаргая гэвэл, ерөөс үнэд хүргэе гэвэл дэд бүтцийн тал дээр шийдвэртэй алхам хийх хэрэгтэй болов уу. Хэрэв дэд бүтцээ хөгжүүлчихвэл Монголын нүүрсний өрсөлдөх чадвар өөр түвшинд очно. Түүнчлэн олборлосон нүүрсээ түүхийгээр нь урагш гаргаад байх биш, дотооддоо боловсруулан баяжуулж, нэмүү өртөг шингээх нь бидэнд л ашигтай. Гэхдээ мэдээж үүнийг дагаад байгаль орчин, усны асуудал гэхчлэн анхаарах ёстой зүйлүүд бий.
Сэтгэгдэл ( 0 )