Ховор элементийн төлөөх дайны халуун цэг Монгол болох нь...

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

 

Тэргүүлэгч гүрнүүдийн харааг  Монгол тийш бэлчээхэд хүргэсэн бас нэг шалтгаан бол эдийн засгийн стратегийн түүхий эд гэгдэх газрын ховор элементийн ордууд болоод илэрцүүд юм. Ямартаа л Германы Канцлер хатагтай Ангела Меркел хоёр жилийн өмнө газрын ховор элементийн үлэмж нөөцтэй, тэрийгээ  зээл тусламжийн хариу болгож Наран улсын хэрэгцээг хангадаг Вьетнам улсад айлчилсныхаа араас Монголд газардсан нь алс хэтдээ энэ түүхий эдийн төлөөх санаархлыг агуулж байгаа талаар  “Bloomberg” онцолж байсан билээ. Энэ нь ч бодит байдалд ойрхон мэдээлэл байсан гэдгийг  нөхцөл байдал бататгасан.  Учир нь хатагтай Меркелийг ирээд явснаас жил гаруйн дараа Монгол Улсын төрийн ордонд болсон  “Газрын ховор элемент-Олборлолтоос зах зээл рүү” сэдэвт уулзалтыг ХБНГУ-ын  “Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” санаачлан, “Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо”-той хамтран зохион байгуулсан юм. Түүнчлэн Монголын газрын ховор элемэнтийн салбарт хүч түрэн орж ирэх гэсэн тус улс сонирхлоо ажил хэрэг болгохын тулд энэ мэтээр алхмуудаа хийж л байсан. Тэгэхээр үүнийг өгүүлэхийн учир нь Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан Стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, хилийн заагийг шинэчлэн тогтоох, шинээр хамруулах ордуудын талаар санал бэлтгэх Ажлын хэсгийн зүгээс Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах асуудлыг хууль тогтоогчдоор хуульчлан батлуулахаар өргөн бариад байгаа юм. Энэ онд Монголын парламент эдгээр ордуудыг ховорт тооцох эсэхээ шийднэ. Гадныхны ашиг сонирхлыг соронздон татаад байгаа эдгээр ордууддаа одоо л анхаарал тавихгүй бол оройтоход ойрхон байгааг хэлэх мэргэжилтнүүд байгаа юм. Ер нь бол бид ховор ордуудаа хэдийнэ  алдчихаад байгаа шүү дээ. Учир нь газрын ховор элемент бүхий Дорноговийн Хатанбулаг сумын нутаг дахь Лгийн голын орд 2008 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Реалкокореа” ХХК-ийн мэдэлд очсоны араас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах газруудын нэрсийн жагсаалтад оруулсан байдаг. Ер нь бол манай улсад газрын ховор элементийн ордын хайгуул өнгөрсөн хугацаанд тун бага хийгдсэн байдаг. Тиймээс ч одоо ил мэдэгдэх   дөрвөн  орд гэгдэж байгаа ч, бодит байдал дээр энэ тооноос давж гарах магадлал өндөр  байна. Тухайлбал,  Өмнөговийн Мушгиа хад, Ховд аймгийн Халзан бүргэдэй, Төв аймгийн Баяндэлгэр сумын Авдрант, Булган аймгийн Дашинчилэн сумын Агуйт, Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул  гэхчлэн 20 орчим газарт дэлхий дахины анхаарлыг татсан ховор элементүүд байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Хэрэв хайгуулын ажлыг эрчимжүүлбэл өшөө нэмэгдэх магадлал өндөр гэгдэж байгаа юм. Бүр энэ салбарт дэлхийд тэргүүлэгч Хятад улсын араас нэхэх хэмжээний буюу 10 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний нөөц бий ч гэх.

 

За ямартай ч бидэнд зөвхөн зэс, нүүрс, алт байдаг юм биш. Дэлхийн зах зээлд үнэд хүргэхээр өөр баялаг бий гэдгээ умартаж болохгүй. Энэ салбараа эхнээс нь зөв бодлогоор залах ёстой юм. Түүнчлэн газрын ховор шороон элемент гэж юу юм бэ. Тэргүүлэгч гүрнүүдийн анхаарал яагаад энэ салбар тийш хандаж байгаа вэ? Эдийн засгийн стратегийн түүхий эд гэгдэхийн учир нь юу вэ гэдгийг тодотгон хүргэх нь зөв биз.

Газрын ховор шороон  элементүүд нь үелэх системд нэгэн дор  байрладаг 17 элементээс тогтсон нэг бүлэг аж. Тус бүлэг нь  иттрий болон лантанийн  бүлгийн лантани, цери, празедими, неодими, промети, самари, европи, гадолини, терби, диспрози, холми, эрби, тули, иттерби, литети гэсэн 15  элементээс   тогтдог байна. Эдгээр элементүүд нь  бүгдээрээ  металл  бөгөөд энэ бүлэг металлыг газрын ховор шороон  металл  гэж  мөн  нэрлэдэг аж. Мөн эдгээр  металлууд  нь өөр хоорондоо  ижил  төстэй олон  шинж  чанаруудтай   бөгөөд  орд газруудад хамт тохиолддог байна.Харин хүмүүс бидний өдөр тутмын өргөн хэрэглээний олон тоног төхөөрөмжид газрын  ховор  шороон  элементүүд  болон  тэдгээрийг  агуулсан  хайлш  нь   хэрэглэгддэг.

 

Жишээлбэл 7 тэрбум гаруй хүн амтай дэлхий дээр хэдэн тэрбумаар хэмжигдэх гар утас байгаа гэсэн судалгаа бий бөгөөд тэдгээрийн  түүхий эд нь газрын  ховор   шороон   элемент. Мөн компьютерын, дахин цэнэглэдэг батерейн, зургийн  аппаратны гэхчлэн газрын ховор элемент болоод түүний нэгдэлгүйгээр бүтээгдэх тоног төхөөрөмж энэ зуунд алга байна.  Чухам яагаад эдийн засгийн стратегийн түүхий эд гэж онцлоод байгаагийн үндэслэлүүдийг хүргэхэд  атомын цахилгаан станц, атомын бөмбөг, цөмийн реакторын түлш, металлургийн үйлдвэрлэлд,  автомашины мотор, аккумлятор,  оптик линз, үнэт чулууны үйлдвэрлэлд гэхчлэн тоочвол тун урт дараалал гарч байгаа юм.  Тэгвэл энэ түүхий эдийн  нөөц нь хүрэлцээтэй бус. Тэгээд зогсохгүй ганц улс буюу Хятад гүрэн дэлхийн  газрын  ховор  шороон   элементийн 95 хувийг  дангаар олборлож байна. Тодорхой хэлбэл хэрэглээгээрээ ч,  олборлолтоороо ч  дэлхийд  монопольчлолоо тогтоогоод багагүй хугацаа өнгөрсөн.

 

Гэтэл энэ монопольчлолтой зэрэгцэн газрын ховор элементгүй бол хүн төрөлхтөн  дэвшилтэт технологийн үр ашгийг үзэх боломжгүй гэдэг нь тодорхой болсоор байна. Тэгэхээр нөөц ховор энэ салбарын судсыг нэг улс 30-аад жилийн өмнөөс аажимаар атгаж ирсэн нь өдгөө дэлхий дахинд эхэлсэн шинэ тэмцлийн суурийг бэхжүүлж байжээ. Нэгэнтээ улс гүрнүүд газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байна.

 

БНХАУ сүүлийн 15-20 жилд дэлхийн улс орнуудын  газрын ховор элементийн эрэлтийн  95-97 хувийг хангасан гэсэн судалгаа байна. Гэхдээ өмнөд хөрш нийлүүлэлтээ хэдийнэ хязгаарлаад эхэлсэн. Ямартаа л  Газрын ховор элементийн эрэлт, үнэ Хятадаас болж огцом өсч, өндөр технологи хөгжсөн гадны улс орнууд түүхий эд орлуулах бүтээгдэхүүн хайж эхлэхэд хүрч байгаа талаар олон улсын шинжээчид бичсээр байхав. Энэ нь нөгөө талаас Хятадын дараа орох хэмжээний нөөцтэй гэгдэх Монгол руу гадныхны хараа бэлчихээс өөр аргагүй байгааг тодотгож буй явдал юм.

 

Мэдээж Хятадын тухайд дотоодын нөөцөө хадгалан үлдээх бодлогыг нүүрс гэхчлэн бусад ашигт малтмалууд дээр ч харуулж байгаа тус улс байгалийн өмнө буян үйлдэж байгаа гэсэн хүндэтгэх шалтгааны дор 2015 он гэхэд газрын ховор элементийн нийлүүлэлтээ бүрэн хумих тухай яригдаж буйг бас хэлэх хэрэгтэй. Энэ нь бусад улс гүрнүүдэд тун тааруу мэдээ. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрийг нэгжих газрын ховор элементийн төлөөх дайны гол халуун цэг нь Монгол болох нь. Тэгэхээр манай төр засгийн нөхдүүд эзэн шиг хандах, шийдвэр гаргах л хэрэгтэй болж байна. 

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.9.41.195) 2017 оны 07 сарын 19

Халзанбүргэдэй УИХ-ын гишүүн асан Дэлгэрмээ, Дарханы төмөрлөгийн дарга Батжавхлан нар эзэмшдэг

0  |  0
Зочин(202.9.41.195) 2017 оны 07 сарын 19

Дорноговь аймгийн Айраг сумын Модот-Уул нэртэй газрын ”Модот уул”ХХК-ийн 50%-ийг Ерөнхий сайд асан Сайханбилэг эзэзмшиж байгаа даа.

0  |  0
Зочин(202.9.41.195) 2017 оны 07 сарын 19

Халзанбүргэдэйн лицензийг УИХ-ын гишүүн асан Дэлгэрмаа, Дарханы төмөрлөгийн Батжавхлан нар олон жилийн өмнө өмчилж авч байсан одоо юу болсон юм бол.

0  |  0
uurhaichin(112.72.13.80) 2014 оны 01 сарын 23

odoo ch arai gaigui boloo bailgui dee. nuguu urd n uzeglesen bayrtsogt metiin mgl bus ugshiltanuudiig harj hynah...

0  |  0
hen(202.126.91.159) 2014 оны 01 сарын 17

neg jijig uurhail baarag 1tn bgaa tegeedbodood uzheden uurhai bgaa bilee

0  |  0
hen(202.126.91.159) 2014 оны 01 сарын 17

yu hutsaad bgaa um be altnii nuutsuuruu ehnii 50d blgui yahaw boditoi bich

0  |  0
хуц(108.235.14.175) 2014 оны 01 сарын 15

за их хуцахаа боль юу ч байсан та нар олигтойхон ашиглаад амьжиргаандаа ашиглаж чаддаг биш,бас ур удамдаа улдээ гэчихжээ тэр ур удам чинь энэ янзаараа байвалУБ-ын их утааг л евелж авах байх

0  |  0
11(112.72.11.67) 2014 оны 01 сарын 14

Монголд алт байдаг гэж битгий хэлээрэй манайх алтныы нөөцөөрөө дэлхийд 150 гаргаж ордог шүү дээ. Харин ирээдүйд манай гол тоглоом бол шатдаг занар шүү. Тэрийгээ л зөв ашиглаж тоглох хэрэгтэй дээ.

0  |  0
Хэцүү хэцүү(202.70.41.190) 2014 оны 01 сарын 14

Ер нь бол гадныхан Монголд юу байгааг монголчуудаас илүү мэдэж байгаа. Тэгэхээр байгаагаа хайрлаж, хамгаалж, зохистой ашиглах л ёстой доо.

0  |  0
ХУЦ(103.26.193.17) 2014 оны 01 сарын 14

БИТГИЙ ХУЦ ЭХ ОРНОО БАС ДАХИН СҮЙРҮҮЛЭХ АРГА ОЛООД ЗАРЛАЖ ГАЙХУУЛААД ИРЭЭДҮЙ ҮР ХҮҮХДЭДЭЭ БҮРЭН БҮТЭН ӨГӨХ СӨН ЗАСГИЙН ГАЗАР АРАЙ Ч ИЙМ ЗАДГАЙ ХАМАГ ЮМАА ДЭЛГЭХГҮЙ БАЙЛГҮЙ

0  |  0
Top