Рио Тинтотой тохиролцож чадвал, үнэнээ хэлээрэй Ерөнхий сайд аа!

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

 

Рио Тинто Оюутолгойн хоёр дахь шатны төсөлд шаардагдах санхүүжилт болох  гурван тэрбум ам.долларын зээлийн баталгааг 15 банкнаас гаргуулаад байгаа. Харин тэрхүү баталгааны хүчинтэй хугацаа нь ирэх сарын 15-наар дуусгавар болох юм. Тэгэхээр Монголын Засгийн газартай тохиролцоонд хүрэх эсэхээ шийдвэрлэхэд 1 сарын хугацаа тэдэнд үлдээд байна гэсэн үг. Засгийн газартай хийх тохиролцоо гэхээс гадна УИХ уг асуудлыг бүлээрээ хэлэлцэх учиртай. УИХ дахь бие даагч гишүүд болон нийт 24 гишүүн Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдад шаардлага хүргүүлчихээд, албан ёсны хариугаа авч чадалгүйгээр чуулганыг завсарлуулсан. Харин албан ёсны товоор бол нөгөөх санхүүжилт олгохыг зөвшөөрсөн хугацаа нь дууссаны дараа чуулган хуралдаж таарах гээд байгаа. Магадгүй, Засгийн газар болоод хөрөнгө оруулагч тал зохицох талаасаа асуудалд хандвал ээлжит бус чуулган хуралдаж эцсийн шийдийг өгөх үү гэдэг асуудал тавигдаж байгаа юм. Оюутолгойн эсрэг зогссон гишүүдийн хувьд Оюутолгойн гэрээ хэлэлцээр ил тод байх ёстой, улсын эрх ашигтай нийцэх ёстой гэдэг зүйлийг хэлцгээж буй. Хэлэлцээрийн талаар УИХ-д нээлттэй тайлагнах ёстой. Хэрэв Засгийн газар шаардлага биелүүлэхгүй байвал бие даагчдын зүгээс Засгийн газрыг огцруулах хүртэл санал гаргана гэдгээ дуулгасан. Тэгэхээр талууд хэрхэн тохиролцоод байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг  УИХ-ын танхимд тод дуугаар ярих шаардлага гарахаар л харагдаж байна.

 

Хэрэв ирэх сарын сүүлийн өдөр гэхэд тохиролцоонд хүрч амжихгүй бол банкуудтай хийсэн урьдчилсан тохиролцоогоо нэмж сунгах гэсэн хувилбар хөрөнгө оруулагчдад байж болно. Гэхдээ эдийн засагт жин дарах хувь нэмэртэй энэ төслийг гацаах нь одоогийн нөхцөл байдалд авч үзэхэд ашиггүй тул манай нөхдүүд тас зөрөөд буруу хараад суух нь бас юу л бол. Ямартай ч дараа дараачийн алхмууд нь хүлээлтийн байдалтай байгаа Оюутолгой компанийн өнгөрсөн оны ашиг нь 55 сая ам.доллар байсан гэсэн тооцоог “Turquoise Hill Resources” болоод “Рио Тинто”-гийн зүгээс өгч байна. Гэхдээ  “Оюутолгой” компани тогтмол борлуулалтын хуваарьт шилжих боломжгүй байгаа.  Тиймээс цаасан дээрх борлуулалтын төлөвлөгөөгөө газарт буулгахдаа өөрчлөлт оруулж байгаа бөгөөд борлуулалтын тодорхой хэсгийг энэ оны хоёр, гуравдугаар улирлын төлөвлөгөө рүүгээ шилжүүлсэн юм. “Оюутолгой” компани өнгөрсөн оны сүүлийн байдлаар 26.4 мянган тонн баяжмалыг өмнөд хөршийн хайлуулах үйлдвэрүүд рүү хүргэсэн гэх тоон үзүүлэлт байгаа. Гэхдээ Оюутолгойгоос баяжмал авахаар тохироо хийсэн зэс хайлуулах хоёр үйлдвэр нь техникийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэний улмаас тийшээ чиглэсэн нийлүүлэлтэд асуудал үүссэн нь  Оюутолгойн баяжмалын экспортын хэмжээнд шууд нөлөөлж байгаа. Тэгвэл тус компанийн үйлдвэрлэл саатах бас нэг асуудал гараад байгаа нь техникийн эвдрэл гэмтэлтэй холбоотой юм байна.

 

Ямартай ч “Оюутолгой” төслийн хувьд  анхны хөрөнгө оруулалтын  зардлын үзүүлэлтүүдийн 80 орчим хувь нь төлөвлөснөөсөө хэтэрсэн нь тогтоогдсон байгаа.  Өнгөрсөн хугацаанд талуудын байр суурь зөрөлдөөд байсны үндсэн шалтгаан бол хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй  нэг талаас холбоотой байсан билээ. Оюутолгойн хөрөнгө оруулагчид далд уурхайн бүтээн байгуулалтаа урагшлуулахын тулд  Монголын Засгийн газраас баталгаа гаргуулаад  дөрвөн тэрбум ам.долларын зээл авах зорилготой гэх тоо яваад байсан. Гэтэл хөрөнгө оруулагч нар  Оюутолгойн далд уурхайн төслийн нийт өртөг 24 тэрбум гаруй ам.доллар гэсэн тооцоог хийгээд зээлдүүлэгчид өгсөн байсан гэх асуудал гарч ирснийг бас хэлэх хэрэгтэй. Энэ нь нэг талаас менежмэнтийн эрхийг гартаа атгасан Рио Тинтогийн өөр бусад төслүүдэд ч хамаатай байж болох тухай мэдээлэл байсан. Учир нь Канадын Алканы ордтой холбоотой өр төлбөр болоод бусад өр ширээ дарахын тулд арван онд 6 тэрбум ам.долларын зээл авсан Рио Тинто групп ирэх  2015 онд энэ зээлээ дарах ёстой. Тэгэхийн тулд дахин зээл авах шаардлага гарч буй. Тиймээс дахиад 8 тэрбум ам.долларын зээл авах хүсэлтээ арилжааны банкуудад гаргасан гэхчлэн мөнгөний эрэлд хатсаныг нь илтгэх мэдээлэл цөөнгүй гарах болсон.

 

Ер нь энэмэтээр аваад үзэхэд Оюутолгой төсөл урагшлахдаа чамгүй асуудалтай байна. Гаалийн Ерөнхий газраас явуулсан шалгалтаар тус компани их хэмжээний гаалийн зөрчил гаргасан нь тодорхой болсон гэх мэдээлэл бий. Тиймээс хууль журмын хүрээнд улсын төсөвт орлого төвлөрүүл гэсэн гаалийн байцаагчийн акт тус компанид хаяглагдсан байгаа юм. Гэхдээ тус компанийн зүгээс үүнийг эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм билээ.

 

Б.Итгэлт

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
guts(27.123.214.110) 2014 оны 02 сарын 15

Ene chadkue. Xudlaa gemgui xun bolj sain xunii dur esgesen jujigchin. Enend chadwar bxgui

0  |  0
zochin(112.72.13.184) 2014 оны 02 сарын 14

muu aalz zailaasai

0  |  0
Top