Нүүрсний салбарынхны толгойн өвчин юу вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

 

 “Coal mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Улсын нийт экспортын 26 хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарт цаашид баримтлах бодлогын талаар салбарын сайд нь илтгэлдээ  танилцууллаа. Монголчуудын хар алт хэмээн нэрлэдэг нүүрсийн геологийн нөөц 175.5 тэрбум тонн, баталгаажсан нөөц 26.8 хувь байна. Энэ нь манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаар байрт жагсах үзүүлэлт болсон юм.

 

Энэхүү чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн хамгийн ихээр сонирхож байгаа зүйл бол хууль эрх зүйн орчинг хэрхэн боловсронгуй болгож байгаа талаар байлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш УИХ-аар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Газрын тос, нүүрс, шатдаг занар боловсруулах төслийн тоног төхөөрөмж, тусгай зориулалтын барилгын материалыг гааль болон НӨАТ-аас 2018 он хүртэл чөлөөлсөн хууль”, Хилийн боомтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан гаргасан гэдгийг онцлоод цаашид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Газрын хэвлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг УИХ-д өргөн барих, Нүүрс хөтөлбөрийг Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгаа юм. Мөн УИХ-аар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж байна.

 

2014 оны нэгдүгээр сард батлагдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт нүүрсний салбарыг дэмжих заалтууд орсон талаар Уул уурхайн сайд илтгэлдээ дурдлаа. Тухайлбал Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай байхыг баталгаажуулсан, Эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг бодлогоор дэмжих, нүүрс баяжуулах, кокс, химийн үйлдвэр байгуулах, нүүрсний ордыг түшиглэсэн цахилгаан станц барих, хүрэн нүүрснээс утаагүй, шингэн түлш, хий үйлдвэрлэх, шатдаг занараас шингэн түлш гарган авах зэрэг төслийг дэмжих, Төрөөс боловсруулах үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжиж, ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх заалт орсон байна.

 

Улс орны эдийн засагт тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа талаар салбарынхан онцолж байна. Тухайлбал, тээвэр ложистикийн зардал өндөр, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй зэргийг дурдаж болох юм. Мөн нүүрсээ олон улсын зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй, худалдан авагчийн тоо цөөн, өрсөлдөөн сул, үнийн нэгдсэн бодлого байхгүй, эрдэс баялгийн бирж байхгүй зэрэг нь нүүрсний салбарынханы толгойн өвчин болоод байгааг мөн сайд нь хэллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top