Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр монголчууд баяжих нь юу л бол

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу вэ. Бид үүнийг бишгүйдээ сонссон ч чухам яг юунд энэ гэрээг хэрэглэдэг, Монгол Улсад ямар ашигтай гэдгийг бүгд мэдэхгүй. Яах вэ, газрын тосны компаниуд энэ гэрээний дагуу ажилладаг тухай харин мэднэ. Тэгвэл Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдгийг энгийнээр тайлбарлавал, тухайн талбайн нөөцийг улсын хөрөнгөөр тогтоосон бол ашгийн 50 хувийг төр авдаг.

Харин хайгуулын ажлыг хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бол улс 34 хувийг нь авах тухай гэрээ аж. Өнөөдрийн байдлаар манай улсад газрын тосны нөөц бүхий 18 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.


Гэхдээ Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ нүднээс далдуур чухам юу болж байдгийг мэдэхээсээ мэдэхгүй нь олон гэхэд буруудахгүй. Монгол Улсын Засгийн газар болон гэрээ байгуулагч компанийн хооронд cap бүрийн гэрээт түүхий тосноос роялти болон өртөгт тосыг хасаад үлдэх хэмжээг хуваарилдаг юм байна.

Ингэж хуваарилахын тулд тухайн сард олборлосон түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээ хэдэн баррельтай тэнцүү байна гэдгээс хамааран хувь тогтоодог аж. Хайгуулын ажлын эхний шатанд гэрээт талбайн нэг км.кв- т нэг ам.доллар, хоёр дахь шатанд хоёр ам.доллар, гурав дахь шатанд дөрвөн ам.долларыг тус тус төлөх ёстой гэсэн.

Гэхдээ энэхүү гэрээт талбайд олборлолтын хэсэг хамаардаггүй гэдгийг гэрээний үндсэн заалтаас харж болно. Харин эрэл хайгуулын ажлын хугацааг Засгийн газрын шийдвэрээр сунгасан тохиолдолд км.кв тутамд 10 ам.доллар, олборлолтын талбайд бол 50 ам.доллар тус төлөхөөр тооцсон байна. Үүн дээр нэмээд роялти, бусад татвар гээд манай улс газрын тосны компаниудаас багагүй ашиг олдог гэдгийг Татварын ерөнхий газрынхан ажлаа тайлагнахдаа хэлж байсан.

Гэхдээ Бүтээгдэхүүн хуваах гэрээ гээчийг нүдээр харвал арай өөр сэтгэгдэл төрөхөөр юм билээ. Тухайлбал, энэ гэрээнд хариуцлагын тухай үг, өгүүлбэр бараг байдаггүй гэхэд болно. Гэрээлэгч нь байгаль орчныг нөхөн сэргээхэд хэр хэмжээний мөнгө зарцуулах тухай ганц өгүүлбэр байдаг ч яг нарийн ширийнийг тусгаагүй аж. Газрын тос байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялаг.

Үнэт чанарынхаа хувьд нүүрс, зэс, алтнаас илүү гарахуйц. Гэтэл Монголын газрын тосны салбарт хамгийн далайцтай үйл ажиллагаа явуулдаг «Петрочайна Дачин Тамсаг» компанийн Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Төсвийн тухай, Татварын ерөнхий, Газрын тосны тухай, Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тосны тухай хуулийн хэд хэдэн чухал заалтыг зөрчсөнийг МХЕГ-аас тогтоож, шуугиан тарьж байсан нь саяхан.

Одоо энэ компанийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа. Үүнээс гадна 2005 оноос хойш газрын тосны хайгуулын өрмийн шингэн хаягдлын 368, үйлдвэрлэлийн шингэн хаягдлын 20 гаруй сан үүсч, үүнд нь амьтан, хүн үйж, компаниуд олборлолтын хаягдлыг хоргүйжүүлэлгүйгээр газар булж, хэт ’шахуу өрөмдлөгийн улмаас Дорнод, Дорноговийн гүний усны түвшинг 1500-2000 метр хүртэл доошлуулж, цөлжилт үүсэх шалтгаан бий болгосон гээд олон жишээг мэргэжлийн хяналтын байгууллагын тайланд дурджээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocnin (205.206.129.74) 2014 оны 02 сарын 24

byteegdehyyn huwaah geree gej ulstorcndiin luiwariig hamgaalsan gadniihand iduulsen bityy geree gej bolno .

0  |  0
setgel(124.158.109.14) 2014 оны 02 сарын 21

ene ulsad eh ornoo gesen setgeltei hun bna uu

0  |  0
Top