Канадын Торонтод төвтэй, Хойд Америкийн алт олборлогч тэргүүлэх компани гэгдэх Сентерра Гоулдын Монгол дахь охин компани Бороо Гоулд компанийн эзэмшилд ашиглалтын 10, хайгуулын 4 лиценз байгаа бол Сентеррагоулд монголия компанийн нэр дээр ашиглалтын 7, хайгуулын 20 нийтдээ 41 лиценз байдаг. Тэгвэл энэ компани арвангурван онд 157.7 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллахад Киргиз дэх Кумторын уурхайн олборлолт болоод Монгол дахь Бороо гоулд компанийн үйл ажиллагааны тогтвортой өсөлттэй байдал нөлөөлсөн аж. Бидний мэдэж буйгаар бол Бороо Гоулд 2004 оны 3 дугаар сараас 2011 оны 12 дугаар сарыг хүртэл Бороогийн уурхайгаас ойролцоогоор 1.5 сая унц алт олборлоод, нөөцийг нь барчихсан гэж ойлгогддог. Тиймээс ч засгаас стратегийн тодотголтой хэд хэдэн ордтой хамаатай асуудлыг шийдвэрлэх гэж байгаагийн дотор Бороогийн алтны ордтой хамаатайгаар байгаль орчны нөхөн сэргээлт, байгаль хамгаалах хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн байдалд дүгнэлт гаргах талаар арга хэмжээ авна гэсэн хүлээлт бий. Тэгвэл бодит нөхцлийг харахаар тус компани өнгөрсөн онд Монгол дахь төслүүддээ 1.9 сая ам.доллар зарцуулсны хагас сая нь Бороо болон Гацууртын ордод, үлдсэн хэсэг нь Дорнод аймгийн нутагт байрлах Алтан Цагаан Овоо зэрэг хайгуулын талбайнуудад зарцуулагджээ. Тэгэхдээ тус компанийн алтны олборлолт 43 хувиар нэмэгдсэний тодорхой хэсэг нь Монгол дахь төслүүдтэй нь холбоотой гэж байгаа нь анхаарал татаж буй юм. Бороо гоулд компани өнгөрсөн жил манай улсаас 14.1 мянган унци алт олборлосон нь 26 хувийн өсөлттэй үзүүлэлт гэсэн байна.Тэгэхээр тэд хэдийнэ Гацуурт руу орчихсон байхыг үгүйсгэх аргагүй юм. Гэтэл хэрэг дээрээ бол Сентеррагийн 100 хувийн мэдэл дэх Бороогийн уурхайгаас 35 км зайд орших Гацууртын ордоос олборлолт хийх зөвшөөрөл одоогоор гараагүй байх учиртай. Тийм байтал дээрх хоёр талбайг холбосон 55 км урттай замаар хэдийнэ алт ачсан машинууд жимээ гаргачихсан байж таарах гээд байна.
Уг нь тэдэнд зөвшөөрөл өгөхийн тулд Бороогийн ордтой холбоотой асуудал эхлээд цэгцрэх ёстой. Бороогийн нөөцийг дуусгасан энэ компани Гацууртын нөөц рүү гүн орчихвол улсад чинь татвар сэлтээ төлөөд явчихна гэх байр суурийг илэрхийлдэг. Гацууртын ордын нөөцийг 2010 оны 12-р сарын эцэс гэхэд боломжтой нөөцийн хэмжээ 1.5 сая унц, бодитой болон баттай нөөцийн хэмжээ 426,000 унц, боломжтой баялагийн хэмжээ 491,000 унц гэж тооцоолсон байдаг.Түүнчлэн ил уурхайгаас олборлосон хүдрийг Гацууртаас Бороогийн үйлдвэр рүү тээвэрлэж, тэнд Гацууртын ордын өндөр агуулгатай исэлдсэн хүдрийг дараа нь Гацууртын сульфидын хүдрийг боловсруулах гэнэ. Мөн тус үйлдвэрт Гацууртын боловсруулахад хүндрэлтэй сульфидын хүдрийг биологийн аргаар исэлдүүлэх нэмэлт цех байгуулна гэх мэдээллийг өгдөг. Ерөнхийдөө бол манай талаас байгаль орчноо бодсон шийдвэрийг гаргасан бол Бороо Гоулдын талаас байгальд халгүй технологийн тухай ярьж ирсэн юм.
За ямартай ч тус компанийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл цөөн бус гардаг. Гацууртын ордод албан бусаар олборлолт явуулаад гол усыг хүнцлээр бохирдууллаа гэсэн асуудал яригдаж, бүр буун дуу гарсан билээ. Харин тус компанийн зүгээс мэдэгдэл хийхдээ Гацуурт орчмын голыг 1990-ээд онд Гацууртын шороон ордод нэлээд хэдэн компани олборлолт явуулж байгаад нөхөн сэргээлт хийлгүй орхисны улмаас бохирдсон гэж тайлбарласан юм.Мөн татвартай холбоотой асуудлууд ч бий. Тухайлбал, Канадын Сентерра Гоулд ХХК нь Нидерланд улсад байгуулсан охин компаниараа дамжуулж Бороо Гоулд ХХК-ны ноогдол ашгийн орлогоос ямар ч татвар төлөлгүйгээр Канад руу шилжүүлэн авч байсан байдаг. Үүний улмаас Монгол Улс 2010 онд 67.2 тэрбум, 2011 онд 32.0 тэрбум төгрөгийн орлогыг алджээ. Гэхдээ одоо бол Нидерландын Вант улстай байгуулсан Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээрийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон учраас Сентерра Гоулд ХХК дахиж даварч чадахгүй болов уу гэж харагддаг. Мөн энд нэг зүйлийг тодотгоход Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газрын мэдээллийн баазад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээлэл зөрүүтэй байдгийг Бороо Гоулдын жишээнээс харж болно. Учир нь Ашигт малтмалын ерөнхий газарт байгаа мэдээллээр Бороо Гоулд компанийг Нидерландын хөрөнгө оруулалттай компани гэж бүртгэсэн байхад Татварын ерөнхий газрын мэдээллийн баазад Багамын арлаас хөрөнгө оруулалттай гээд тодотгоод бүртгэчихсэн байдаг юм. Энэ нь тэд Монголын баялгийг урсгахдаа бага татвар төлөхийн тулд боломжит бүхий л аргыг хэрэглэдэг болохыг илтгэж байгаа нэгэн жишээ юм.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 6 )
канадууд далд ор
Манай бидний эцэг овгод эрт дээр vеээсээ хэзээч газар шороогоо хондолгvй амьдарсаар л ирсэн болоод л вайсан одоо юун волохгvй гэж вvгдийг нь вуцаагаад вулчихвал яасийн вэ заавал ухмаар вайгаа юм вол оорсдоо vйлдвэр вариад олборлвол яасийн елбегдоржоо енхваяраа вагавандьаа очирбатаа
Boroo gould kompani 10 hurehgui jild altiig ni uhaad duusagsan ym shivdee zuunharaa baruunharaagiin ard tumen yaduugiin yaduu guilagchin uul ni hundii nuh boroo gol ni bohir shirgeed duusaj bga ym bizdee deer ni selengees ulsiin ih hurald ner devshsen bayrtsogt bayjaad gadaad iim orond munguu hadgaluulaad eh ornoosoo zugtah uldev
Haa ochij sain barimttai yum b na
Уран зохиол бичихээ болиоч. Шал худлаа юм бичиж шантаажлах гэж байгаамуу?