Хар алтны салбарт юу болоод байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 26

 

Улсын нийт экспортын 26 хувийг дангаар бүрдүүлдэг нүүрсний салбарт цаашид баримтлах бодлого, тулгамдаж буй асуудлын талаар  “Coal mongolia” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд оролцогчид санал бодлоо илэрхийлсэн. Монголчуудын “хар алт” хэмээн нэрлэдэг нүүрсийн геологийн нөөц 175.5 тэрбум тонн, баталгаажсан нөөц 26.8 тэрбум тонн байна. Улмаар манай улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний 10 дугаар байрт байна.

 

Түүнчлэн нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал цөөнгүй байгаа талаар салбарынхан онцолж байсан. Тухайлбал:

 

1. Дэд бүтэц: Тээвэр, ложистикийн зардал өндөр (авто замаар тээвэрлэж байгаа учир өрсөлдөгч орнуудаас бараг 2 дахин өндөр), Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй, транзит тээвэр, тээврийн тарифын асуудал тодорхой бус, хилийн боомт хүнд сурталтай, Гашуунсухайт, Шивээхүрэнгийн гол боомт 24 цагийн үйл ажиллагаагүй, олон улсын статусгүй

 

2. Үнэ: Олон улсын зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй, бүтээгдэхүүний ангилал, боловсруулалт олон улсын түвшинд хүрээгүй, худалдан авагчийн тоо цөөн, өрсөлдөөн сул, үнийн нэгдсэн бодлого байхгүй, дотоодын аж ахуйн нэгжүүд хоорондоо өрсөлдөж үнээ унагаадаг, Эрдэс баялгийн бирж байхгүй, бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэж борлуулах шаардлагатай

 

3. Татвар хураамжууд: Хураамжийн төрөл олон, АМНАТ тооцох аргачлалыг боловсронгуй болгох зэргийг дурдаж байна.

 

Уул уурхайн яам, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллагатай хамтран “Нүүрс” хөтөлбөрийг “Том төрөөс ухаалаг төр лүү” зарчмын хүрээнд хуулиа дээдлэн, шинжлэх ухаан, суурь судалгаанд үндэслэн боловсруулж байна. Хөтөлбөрийн нэгдүгээр шат 2014-2018 онд, хоёрдугаар шат нь 2019-2025 онд хэрэгжих юм.

 

Хөтөлбөр батлагдсанаар дараах үр дүн гарна гэж үзэж байна.

-Нүүрсний хайгуул, олборлолт нэмэгдэж, нөөц баялаг өснө,

-Экспортыг нэг цонхны бодлогоор зохицуулна, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн суурь бий болно,

-Нүүрс болон нүүрсний давхаргын метан хийн боловсруулах үйлдвэрүүд бий болсноор төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулна,

-Хүрэн нүүрс боловсруулж нийлэг шатдаг хий, шингэн түлш гаргаж, дотоодын хэрэгцээг хангана, транзит тээврийн коридор бий болгох, үнэ тариф тохирох, ложистикийн зардал бууруулах зэрэг үр дүн гарах юм.

 

Энэ бүх асуудлыг шийдвэрлэснээр нүүрсний салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай болж, нүүрсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж олон улсын түвшинд хүрэх юм. Мөн жилд 50-80 сая тонн хүрэн нүүрс боловсруулж нийлэг хий үйлдвэрлэх, экспортлох төслийг 2017 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөтөй ажиллаж байна. Түүнчлэн ойрын ирээдүйд жилдээ нийт 100-130 сая тонн нүүрс экспортлох зорилт хэрэгжих юм

 

Монгол Улс гадаад худалдааны бодлогодоо нээлттэй, уян хатан байж хөрөнгө оруулагчидтайгаа ил тод, нягт хамтран ажиллана хэмээн салбарын яамнаас үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top