“Арева”-гийн зардлаар гадаадад аялж, тэтгэлэг авсан нөхдүүд ураныг магтан дуулж байна гэв үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 27

 

Монголд ураны хэдэн арван лиценз эзэмшигч Арева групптэй холбоотой сөрөг мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд цөөнгүй гардаг нь бидэнд нэг биш нэлээдийг бодох, анхаарах шаардлага байгааг сануулдаг. Тэгвэл Голомт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөнөөс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд ил захидал хүргүүлжээ.  Захидалд “Өнгөрсөн оны 10 сард Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар өнөөдөр Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлоход ойрхон очлоо. Цөмийн Энергийн Газрынхан болон Аревагийн зардлаар гадаадад аялж, цалин тэтгэлэг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүс  уран олборлож экспорлохыг хөгжлийн тулгуур ганц гарц, Арева бол хөгжингүй орны тэргүүний технологитой компани хэмээн магтан дуулж, хамаг бузар булхайг нь нуун далдалж байна. Чухам унэндээ Арева корпораци олон улсад ямар нэр хүндтэй вэ, бусад орнуудад уран олборлосон түүх нь юу билээ? Урaныг хүхрийн хүчлээр уусгах технологи аюулгүй билүү? Уран олборлолт ашигтай юу, үр дагавар нь юу билээ? зэрэг олон асуултад хариулт өгөх бодитой, үнэн зөв мэдээлэл дутагдаж байна.

 

Уран олборлож баяжуулахдаа нэг хувь ч хүрэхгүй хэсгийг нь шар нунтаг болгон ялгаж АЦС-д ашигладаг бол үлдсэн хэсэг буюу 99,9 хувь нь хог хаягдал болж гэмгүй иргэдийг хордуулдаг. Дэлхий дахинд уран олборлосон түүхээс үзэхэд хамгийн ядуу дорой, мэдлэг боловсрол тааруу, эрхээ хамгаалах чадваргүй, дэлхийд түгээх дуу хоолой нь сул, олон нийтээс тусгаарлагдсан эсвэл бусдын дарамт нөлөөнд амьдардаг ард иргэдийн нутаг дээр уран олборлож иржээ. АНУ-ын Навахо омгийн индианчууд, Канадад Дэнээ омгийн индианчууд, Австралийн аборигенчууд, Өвөрмонголчууд, Намиб, Конго, Танзани, Нигерийн ядуус гээд бодоод үзээрэй. Чухам тэдний газар нутаг дээр нь хамгийн хямд аргаар уран олборлож, нөхөн сэргээлтийг хайш яйшхан хийгээд эсвэл огт хийлгүйгээр хэдэн зуун мянган жилийн настай цацрагт хог хаягдлаа ил задгай хаядаг. Учир нь тэдгээр ард иргэдийг өмөөрч өмгөөлөх хүн байдаггүй, тэдний дуу хоолой дэлхий нийтэд хүрдэггүй, сонсогддоггүй.

 

Эрхэм гишүүд та бүгдийн мэргэн шийдвэрээс Монгол улсын орших эс орших шалтгаална. “Өндөр хөгжилтэй орны уул уурхайн компани” гэдэг гоёмсог нэрэнд хууртаж Монголчууд бид газар шороо,  нутаг орноо тэдэнд итгэж өгвөөс дээр дурдсан үндэстэн ястануудын гашуун түүхийг давтах эрсдэлтэй. Иймд таны мэргэн ухаанд итгэж, гэгээн оюунд тан тус нэмэр болох болов уу гэж их найдвар тавин Голомт-Цөмийн Эсрэг Xөдөлгөөнөөс товч баримтуудыг эх сурвалжийн хамт бэлтгэснийг анхаарч уншихыг хичээнгүйлэн хүсье.” гэсэн байна.

 

Мөн тус хөдөлгөөний зүгээс Ареватай холбоотой анхаарал татсан мэдээллүүдийг ч өгч байна. Тухайлбал, Арева дэлхий дахинаа ямар нэр сүртэй байгааг ийнхүү өгүүлж байна.

 

1. Францын төрийн өмчийн Арева корпораци нь манай гаригийн улс дамнасан хамгийн том цөмийн корпорациудын нэг. Аревагийн хувьцааны 80 хувийг  Францын төр эзэмшдэг. Франц улс ураныхаа хэрэгцээний 3/4- ыг хуучин колони улс болох Нигерийн уранаар хангаж ирсэн.

 

2. Арева корпораци нь Африкийн Нигер улсад сүүлчийн 50 жилийн туршид уран олборлосны улмааc Нигер улс өнөөдөр 50 сая цацрагтай үлдсэн. Ил хаясан цацрагт хаягдлын тоос шороо бужигнаж, Нигерийн байгаль орчин, гол ус, ард иргэдийг хордуулж байдаг.

 

Тухайлбал, Грийнпийс олон улсын байгууллагаас гаргасан “Тоосон дунд үлдэгсэд” нэртэй судалгааны тайланд  Нигерийн ураны уурхай орчимд гадаргуун болон гүний ус, агаар хөрс хорт цацрагт бохирдож, цацрагийн түвшин ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс 10-110 дахин өндөр байcан тухай бичжээ. Ураны уурхай орчмын нутгийн хүн амын дунд  амьсгалын замын өвчнөөс үүдсэн нас баралт 16 хувь хүрсэн нь улсын дундаж 8.5 хувиас даруй 2 дахин их байхад Арлит тосгоныхон энэ талаар огт мэдээлэлгүй байна.

 

3. Давосын Дэлхийн Эдийн Засгийн Форумаас олгодог  “Түмний Нүд” (The Public Eye) гэдэг гутамшигт  шагналыг 2008 онд Арева корпораци 2 номинациар (Global, People) хүртсэн. Учир нь ураны уурхайд ажилласны улмаас хорт хавдар туссан Нигер уурхайчдаа ДОХ, сүрьеэ туссан гэх хуурамч онош тавиулж, эрүүл мэндийн нөхөн төлбөр төлөхөөс зайлсхийж байсан Арева корпорацийн олон жилийн ужгирсан заль мэх илчлэгдсэн юм.

 

4. Арева корпораци нь Нигерт 50 жилийн туршид үйл ажиллагаа явуулахдаа мянга мянган Нигер ажилчдыг хамгаалалтын хувцасгүйгээр аюулгүйн дүрэм зөрчин байж ажилуулж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Арева корпораци уурхайд ажиллаж байсан ГАНЦ ч Нигер хүн мэргэжлийн өвчин туссан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал, 90-ээд онд тэтгэвэрт гарсан Нигер уурхайчид гэхэд 2-хон жилийн дотор бүгд нас барсан баримт бий.

 

5. Арева корпораци Нигерт уран олборлоод 50 жил өнгөрөхөд Нигер улс манай гаригийн хамгийн ядуу улсын нэг хэвээр үлдсэн. Xарин Арева дэлхийн хамгийн том компаниудын нэг болсoн. Нигерийн ард иргэдийн  60 хувь өдөрт нэг доллар хүрэхгүй  орлогоор амь зуудаг. Ураны уурхай орчмын тосгод нь, уурхайчид нь, улс нь ч туйлын ядуу. Францын ураны 3/4-ыг хангадаг Нигер уурхайчдын тосгод өнөөдрийг хүртэл гэрэл цахилгаангүй, тас харанхуй хэвээр.

 

6. 2010 онд Нигер улсын экспортын 70.8 хувийг ураны экспорт эзэлж байсан атлаа ДНБ-ний дөнгөж 5.8 хувийг бүрдүүлж байжээ. Учир нь Арева корпораци Нигерийн засгийн газартай татварын асар их хөнгөлөлт эдлэх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл зөвхөн 2013 оны 3-р улиралд гэхэд Аревагийн олсон нийт орлого нь 6.8 тэрбум евро хүрсэн нь Нигер улсын жилийн төсвийг 2 дахин нугалсантай тэнцэх мөнгө юм.

 

7. Нигер улсын Ареватай байгуулсан гэрээ 2013 оны сүүлчээр дуусгавар болсон ба ард иргэд, Нигерийн төр засгааc ураныxaa татварыг нэмэгдүүлэхээр Ареваг шаxаж байгаа тул өдийг хүртэл талууд тохиролцоонд хүрч чадахгүй байна. Арева корпорацийн зүгээс ураны үнэ дэлхийн зах зээл дээр унасан тул өндөр татвар төлөх боломжгүй гэсэн тайлбар өгдөг.

 

8. 2013 оны эхээр террористуудтай тэмцэх нэрэн дор Францын цэргүүд алт, уран, газрын тосны арвин их баялагтай Африкийн Мали улс руу цөмрөн орсон. Улмаар Нигер дэх Аревагийн ураны уурхайг хамгаалах нэрийдлээр түүний хөрш зэргэлдээ Нигер улс руу ч Францын цэргүүд нэвтэрсэн.

 

Тэгвэл тэд Монголд юу хийгээд байна вэ?

 

1.Дорноговийн Улаанбадрах суманд Арева корпораци 1990-ээд оноос хайгуул хийж, туршилтын журмаар газар дор ураныг хүхрийн хүчлээр уусгаж 2700 кг уран олборлосон.

 

2. Арева нутгийн иргэдийг ажиллуулахдаа хөдөлмөр хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгдөггүй, хамгаалалтгүй ажиллуулдаг баримтууд бий. Улмаар Аревад ажиллаж байсан нутгийн залуусын үс унаж халцарсан тохиолдол гарсан.

 

3. Аревагийн олборлoлтын  талбайн ойролцоо болон салхин дор нь амьдардаг Дорноговийн ард иргэд амсьгалын замын өвчин тусах, элэгний үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох, биеэр нь юм туурч загатнах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч байгаа. Орон нутгийн эмч нар биеэр нь юм туурcaн малчдыг үзээд “удамшлын хамуу” гэсэн шинэ онош тавьсан.

 

4. Улаанбадрах сумaнд мал сүрэг гэнэт хоргодох, төл мал нь гажиг согогтой төрөх, малын нүдэнд цагаа унах, малын дотор эрхтэнд, нэн ялангуяа элэг болон уушгинд хар цагаан толбо үүсч, хавдаж хавагнаx, уйланхай ургаx, өнгөр тогтсон байх шинж тэмдэг илэрч байгаа нь цацрагийн, тухайлбал, цацраг идэвхит радоны хордлогын сонгодог шинж тэмдэгтэй таарч байна.

 

5. Улаанбадрах сумын малын цусанд хийсэн лабораторийн шинжилгээгээр цусны улаан бөөм цөөрч, цагаан бөөм ихэссэн нь нотлогдсон. Энэ нь цацрагаас үүсдэг лейкемия өвчний шинж тэмдэг. Цацрагийн хордлогоос үүддэг хамгийн түгээмэл хорт хавдар нь лейкемия буюу цусны хорт хавдар гэдгийг олон улсын судлаач эрдэмтэд нотолсон байдаг.  Дорнод, Дорноговь аймгууд хавдрын өвчлөл, ялангуяа хүүхдийн цусны хавдaрын өвчлөлөөр улсдаа тэргүүлж байгааг эрхэм гишүүд анхаарах хэрэгтэй.

 

6.  Ерөнхий Сайдын томилсон Монголын цөмийн салбарын хамгийн шилдэг мэргэжилтнүүд улсын тэргүүний лабораторийн хүчин чадлыг дайчилж ажиллаад ч Улаанбадрахад мал хорогдсон учир шалтгааныг тогтоож чадаагүй. Гадаадын лабораторид дээжис явуулж шинжлүүлэх тухай яригдаж байсан ч бүтэн жил өнгөрөхөд энэ талаар хийгдсэн зүйл алга. Энэ бүхэн нь Монгол улсын цөмийн мэргэжилтнүүд, лабораторийн чадавхи ямар түвшинд байгаа, Засгийн газрын хариуцлага хүлээх түвшин ямар буйг илчилж байна.

 

7.  Ерөнхий сайдын томилсон ажлын хэсгээс Улаанбадрах суманд зэс, селенийн хэмжээ өндөр байгааг илрүүлсэн ч байна гэж мэдэгдсэн ч эл үзэгдлийг тайлбарлаж чадаагүй. Тэгвэл Дулаан  Уул, Зөөвч-Овоогийн ураны ордууд нь  Roll Front гэх ангилалд багтдаг бөгөөд ийм ордны ураны хүдэр нь өөртөө cелен, зэс  зэрэг дагавар элементүүдийг агуулдгаараа онцлог ажээ.

АНУ-ын Техас  мужид төстэй уурхайд газар дор уусган баяжуулах аргаар уран олборлосны дараа усанд селенийн хэмжээ эрс нэмэгдсэн тухай судалгаа байдаг. Иймд Улаанбадрахад селени, зэсийн хэмжээ хэт өндөр байгаа нь уран олборлолтоос шалтгаалсан гэж тайлбарлах бүрэн үндэстэй юм.  АНУ-ын Нью Мексико мужид Crownpoint Uranium Solution Mining компани ураныг газрын доор уусган баяжуулж олборлох явцад гүний ус cеленээр хордож анx 0.01 мг/л байснаа 4.6 хүрсэн бөгөөд асар их хөрөнгө мөнгө зарцуулж байж 0.006 мг/л болгосон тухай баримт байна.

 

Харин Монгол улсад уран олборлосны улмаас гүний болон гадаргууны ус, хөрс, агаарын бохирдолтыг хянах, бохирдсон нөхцөлд цэвэрлэх, нөхөн сэргээх эрх зүйн болоод технологийн дүрэм журам, стандартууд дутагдаж байна. Нэн ялангуяа ураны уурхайг ашиглаж дууссаны дараа цацраг идэвхитэй уурхайн хаалтын журам стандарт байхгүй тул хожим учирч болзошгүй гарз хохирлыг хариуцах эзэн алга гэхчлэн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(103.229.121.68) 2017 оны 08 сарын 09

Мэдээллийн бүх хэрэгсэлийг ашиглан түмэн олондоо түгээх хэрэгтэй. Дорнод. Дорноговиор зогсохгүй бүх монголчууд цаашлаад дэлхийд сонсгох хэрэгтэй! ХАЯАНД ИРСЭН ЭНЭ АЮУЛЫГГЭРТЭЭ ХЭРХЭВЧ ОРУУЛЖ БОЛОХГҮЙМОНГОЛЧУУДАА!!!

0  |  0
ЦӨМ(112.72.13.216) 2014 оны 03 сарын 05

Гаднийнханыг дагаж мөнгөөр нь зугаалаад яг л хар тивийн заяагүй гуйлгачин шиг, ӨНДӨР ӨВГӨДийн буян заяа нь гомдох вий дээ Та нарийг хөх тэнгэр ниргээсэй урвагчид аа.

0  |  0
W(202.126.91.159) 2014 оны 03 сарын 05

heden haltar $-oos bolj uls undseeree gazariin horsnoos archigdahiin bnldaa.uhaad l olborlood l bhiin jiriin ard irgded naaldsan yum yu bnaa.chanargui heden km zam hiih shiwdee

0  |  0
zochin(150.59.2.112) 2014 оны 02 сарын 27

eserguutsej bna. manaihan chini odoo zovhon onoodroo l boddog bolchihson yum uu daa. emegnel tugshuur haalgiig minii urgelj togshood baih yum yana daa. mongol uls delhiigees udahgui archigdahnee.

0  |  0
Samedi(49.0.184.38) 2014 оны 02 сарын 27

Putain de merdeur ( Corrige)

0  |  0
Samedi(49.0.184.38) 2014 оны 02 сарын 27

putain de perdeur. Ils (francais) vont payer plus cher qu”ils ont gagne. C”est sur

0  |  0
Top