Тавантолгойн марафон олон улсын анхааралд дахин оров. Тендерийн сунжирсан шалгаруулалтаас болж “моод”-ноос гараад байсан нүүрсний их орд ийнхүү амилж байгаа бололтой. Хятадын “Energy China forum”-д Монголын Засгийн газар юуг үндэслэн шалгаруулалт хийсэн талаар бичжээ. Үүнээс харахад хятадууд эхнээсээ л өөртөө итгэлтэй, Тавантолгойд хэдийнэ эзэн суусан байсан мэт. Энэ нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монгол Улс хөгжүүлэгчдийг сонгов
Монголын Засгийн газар дэлхийд хамгийн томд тооцогдох, мөн бүрэн судлагдаагүй байгаа коксжих нүүрсний ордоо ашиглахын тулд сонголтоо хийжээ. Энэ ордод ОХУ, АНУ, БНХАУ зэрэг гигант гүрнүүдийн сонирхол чиглэгдэж байсан ба монголчуудын хувьд энд улстөр, эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхийг хүсч байгаа.
Харин Монголын сонгосон консорциумд АНУ-ын “Пийбоди”, Хятадын “Шинхуа интернэшнл”, Орос-Монголын нэр нь тодорхойгүй хамтарсан групп багтаж байгаа аж. Тэд Тавантолгойн тал хувийг ашиглах юм.
Засгийн газар олборлогчидтой гэрээ байгуулж ажиллахаар төлөвлөсөн. Консорциумын сонголтод өөрчлөлт гарсан нь хоёр хөршийг тайтгаруулахтай холбоотой. Орос, Хятад хоёр ойлгомжтой гэсэн үг. Харин Америкийн хувьд Монголын ардчиллын хамгийн том түнш гэгддэг.
Хятад бол мөн л хамгийн том бизнес түнш, Монголын нөөцийн гол хэрэглэгч мөн. Түүнчлэн Америкийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч “Пийбоди” групп консорциумын 28 хувийг эзэмших аж. Харин “Шинхуа интернэшнл” 40, Орос-Монголын хамтарсан групп 36 хувийг атгах юм байна. Аан, үүн дотроо Монголын тал 18 хувийг нь гэх мэт.
“Пийбоди” группийн тухайд, Монголын Засгийн газартай тодорхой нөхцөлийн дагуу хамтран ажиллахаар болсон. Өөрөөр хэлбэл, салбарын хуулийг эцэслэн батласны дараагаар ажиллах нөхцөлийг тодорхойлох юм байна. “Шинхуа” групп одоогоор энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй л байгаа.
Энэ тендерт оролцсон Өмнөд Солонгос шалгаруулалтыг шударга бус гэж үзсэн ба энэ талаарх үнэн бодит мэдээллийг цуглуулна гэсэн. Солонгосын төрийн өмчит “Кореа Электрик Пауэр”, ган үйлдвэрлэгч “Поско”, олон улсын худалдааны “Даевүү Интернэшнл”, “Эл Жи Интернэшнл” болон Японы хэд хэдэн компани консорцуим байгуулан тендерт өрсөлдсөн юм.
“Корес”, “Поско”, “Эл Жи Интернэшнл” тендерийн эцсийн хариуг хүлээж аваагүй гэдгээ мэдэгдсэн. “Кепко”, “Даевүү” ч ялгаагүй.
Энэ тендерт дээрх нэгдлүүдээс гадна Бразилийн “Вале ЭсЭй”, Швейцарийн “Экстрата ПиЭлСи”, Люксэмбургийн “АркелорМиттал”, Японы “Мицуй” оролцсон.
Монголын Засгийн газар Тавантолгойн бүлэг ордоос коксжих нүүрс олборлож, гангийн үйлдвэрийг түүхий эдээр хангахаас гадна түлш, шатахуун гаргаж авна гэж мэдэгдсэн байна.
Урьдчилсан дүгнэлтээр Тавантолгойг 6.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн ба үүнээс чамгүй хувь нь коксжих нүүрс. Өөрөөр хэлбэл, ордын нөөцийг эцэслэн тогтоогоогүй, энэ нь цаашид өсөн нэмэгдэх хэмжээ юм.
Судлаачид үүнийг дэлхийн хамгийн том орд Хятадын Шенглигээс ч давж гарч мэднэ гэж үзэж байгаа. Монголчуудын хувьд Тавантолгойн баруун Цанхийг гаднхантай хамтарч ашигласнаар ордыг бүрэн хэмжээгээр эдийн засгийн эргэлтэд оруулах урьдач нөхцөлийг хангаж чадна гэж үзсэн.
Эдийн засгийн тооцооноос харахад, Тавантолгойн баруун хэсгийг ашиглахад эхний ээлжинд 7.3 тэрбум ам.доллар шаардлагатай. Засгийн газар одоо энэ мөнгийг хэрхэн босгох арга замыг эрэлхийлж байгаа юм.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 1 )
sdfgsdfgs