Хэдхэн жилийн дараа уурхайгаас олсон мөнгөөрөө гадаадаас ус авч уудаг болох вий

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 07

“Mining.com”-д ийм нэгэн нийтлэл гарчээ. Уул уурхай гэхээр л бөөн мөнгө болгож харахаас ард нь юу үлдэж хоцрохыг ойлгохгүй монголчуудад хандаж бичсэн аж.


Монголын уул уурхай нутгийн иргэдийн эрүүл мэндийг хохироож байна

Сүүлийн жилүүдэд дэлхийн уул уурхайн салбарын ээлжит том боломж нь Монгол Улс болсон. Гэхдээ хөрөнгө оруулалтын урсгал яг зөв явж байгаа нь эргэлзээтэй. Шинжээчдийн үзэж буйгаар, Монголын эдийн засгийн их өсөлт, дэд бүтцийн хөгжил, уул уурхайн өргөжиж байгаа цар хүрээ улсын экологи, биологийн бүтцэд шууд сөргөөр нөлөөж байна.

Өргөн уудам тал нутгийн алт, зэс, нүүрс рүү гадаад, дотоодынхон уулгалан дайрч, маргааш үхэх гэж байгаа юм шиг л яаран олборлож байгаа нь нууц биш. Хууль бус олборлогчид улсын баялаг руу буруу замаар хүрэхийг хичээж, тоо нь олширчээ. Ялангуяа нүүрсний нөөц рүү.

“Эдгээр хууль бус уурхайчид газар доор ухсан тас харанхуй, нарийн хоолойгоор хэдэн зуун метр мөлхөж, зорьсон газраа хүрэхийн тулд буцаж зугтмаар замыг туулна. Бага, дунд оврын эксковатороор нүхний амсрыг ухаж, цааш нь гар өрөм, хүрз, зээтүү, жоотуу гээд ашиглаж болох бүх багажаар нарийн хоолой ухна. Энд аюулгүй ажиллагааны тухай ярих нь бүү хэл бодох ч үгүй”

Яг үнэндээ уул уурхайн “хөгжил”-өөс үүдэлтэй тоосжилт, бохирдолт уурхайчид, зам дагагсдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэхэд дутуудна. Энд, хууль бус уурхайд хүмүүс зүгээр л үхэж байгаа.

Бас болоогүй, говийн бүс нутагт уурхайд зориулсан ядруухан төсөвтэй, чанаргүй, муу замаэас болж нутгийн уугуул иргэд, малчдад хүн шиг эрүүл амьдрах ямар ч нөхцөл үлдээгүй. Ховор ан амьтад, мал сүрэгт ч ялгаагүй.

Куинландын Их сургуулийн Уул уурхайн нийгмийн хариуцлагын төвөөс Монголын говийн уурхайн замуудад судалгаа хийсэн байна. Үүний дүнд, Хятад руу эрдэс баялаг зөөж буй ачааны машинууд бэлчээрийн доройтлын хамгийн том шалтгаан ба одоо говьд өвсөн тэжээлтнүүд бүү хэл махан идэшт амьтад ч байхын талгүй болжээ.

Ер нь Монголын эдийн засагт уул уурхайн оруулах хувь нэмэр хамгийн том. Өнөө жил ДНБ 15 хувьд хүрнэ гэж байгаа. Үүнийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад багасч байна гэх ч үнэндээ дэлхийн хэмжээний хамгийн өндөр үзүүлэлт хэвээр байх болно.

2012 онд уул уурхайн бүтээгдэрүүн ДНБ-ий 30, улсын экспортын 80 хувийг эзэлж байв. Өнгөрсөн онд Засгийн газар алт, нүүрсийг хууль бусаар олборлодог иргэдтэй уулзаж гэрээ байгуулсан ба энэ нь тэднийг хуулийн хүрээнд ажиллахад нь дөхөм болох зорилготой. Үр дүн нь хараахан харагдаагүй байна.

***

Экологийн асуудалд манайхнаас ТББ, иргэд л дуугардаг болохоос төрийн түшээдээс ганц нь ч энэ талаар дорвитой ярьсан нь үгүй. Өмнөговийн экологийн доройтлыг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байсан нь саяхан. Дарга нар биегүй, нэргүй бүхэн рүү буруугаа чихэж, мөнгө олж ирдэг гээд уул уурхайг өмөөрөхөөс өөрийг хийдэггүй нь үнэн. Хэдэн жилийн дараа уул уурхайгаас олж ирсэн мөнгөөрөө гаднаас ус авч уудаг болох вий дээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (139.5.218.195) 2017 оны 09 сарын 01

Ер нь бол манай цэнхэр гариг хойд мөсөн далай хайлж усан галав болж хуурай газаргүй болж сөнөнө

0  |  0
ulzii(99.71.210.62) 2014 оны 04 сарын 07

uurhaigaas uo ch olohgyi uc ch ygyi uurhai ch ygyi elsen tsol bolno sh dee deer n tsatsrag bulchihna delhiin ezgyi gazar bolno sh dee tegee l ene tomchuul gadaada bair sab abaad bgaan um sh dee setge l dee

0  |  0
Top