Айл бүрт хамгийн үнэтэй нь үр хүүхэд. Тэднийгээ аз жаргалтай байхыг харах энэ хорвоогийн юутай ч зүйрлэшгүй. Гэтэл бид тэдэндээ инээд хөөр бэлэглэхийн тулд эрүүл мэндээр нь хохироож байгааг хатуухан хэлэх цаг нь болжээ.
Та хаанаас хүүхэддээ тоглоом худалдан авдаг вэ?
Монголчуудад ердөө хоёрхон сонголт байдгийг нуугаад яахав. Нэг бол Нарантуул захаас хямд төсөр ч хүүхдийн анхаарал татах олон өнгө алагласан хуванцар, чихмэл , резинин тоглоом үгүй бол хамгийн доод үнэ нь 50 мянгаас дуудагдах үнэтэй брэндийн тоглоомын дэлгүүр. Гэтэл өнөөдөр бидний ихэнхийнх нь чадал Нарантуул дээр ирээд гацаж байгаа нь үнэн. Өнөөгийн байдлаар ядуурлын түвшин 29,9 болж буурсан ч монголчуудын амжиргааны байдал буюу орлогын түвшингээрээ нийт хүн амын дунд амжиргааны түвшин доогуур нь зонхилж байгаа юм.
Бид хүүхдээ эмнэлгийн хог хаягдлаар наадуулж байна
Хятад улсад эмнэлгийн хог, хаягдлаар хүүхдийн тоглоом үйлдвэрлэж байгааг төрийн байгууллагууд нотоллоо. Гуандун мужийн хүнсний аюулгүй байдлыг хянах газраас өнгөрсөн оны 5-р сарын 29-ний тайланд "Хүүхдийн тоглоомын 64,4%, хүүхдийн хувцасны 28%, хүүхдийн гутлын 37% нь Хятадын стандартад нийцэхгүй" гэж дүгнэжээ. Хятадын алдартай компаниудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хүртэл хортой бодис агуулсан байв. Хяналтын байгууллагууд 10 хотын 97 байгууллагын бүтээгдэхүүнийг шалгажээ. Гэтэл хүүхдийн бараанд формальдегид маш өндөр түвшнээр агуулагдсан байв. Энэ бодис хорт хавдар, арьсны өвчин, мөгөөрсөн хоолойн үрэвсэл үүсгэдэг аж. Мөн зарим барааны "pH" үзүүлэлт (хүчиллэгийн хэмжээ) нормд нийцээгүйгээс гадна канцерогентэй будаг болон өөр олон төрлийн хортой бодистой гэдэг нь батлагдсан. Тодруулбал, хүүхдийн хамгийн ихээр дурладаг тоглоомыг гэхэд л эмнэлгийн хог хаягдлаар хийснийг нь тогтоожээ. Хятадын засгийн газраас эмнэлгийн хаягдал хогийг ашиглаж, боловсруулан хүүхдийн тоглоом хийхийг хориглосон ч энэ байдал тасрахгүй байгаа гэнэ. Эмнэлгийн хаягдал хог нь энгийн хогноос 1000 дахин их хортой юм.
Хамгийн зөв сонголт
Тоглоом гэдэг бол хүүхдийг зөвхөн зугаатай байлгах хэрэгсэл бус, харин хүүхдийн хөгжилд нэн чухал зүйл. Учир нь хүүхэд өөрийн гарт баригдсан бүхнийг юу болохыг таньж мэдэхийг эрмэлзэж, олон янзаар оролдон, сонирхож үздэг. Түүнээс гадна тоглоомноос гарах дуу авиа, чимээг ч тоглоомын дүрс хэлбэтэй харьцуулан, ялган, суралцаж байдаг. Эцэг эхчүүд тоглоомыг сонгохдоо хамгийн түрүүнд тоглоомыг үйлдвэрлэсэн газар, чанарыг анхаардаг болсон нь сайшаалтай хэрэг юм. Хүүхдийн тоглоомыг сонгохдоо юулгүй байдал, байгалын гаралтай органик эсэх жин зэргээс хамаарч сонголт хийх нь чухал. Харин хамгийн зөв сонголт бол та гарын доорх материалаа ашиглан зөөлөн тоглоом хийх мөн хүүхэд тань цэцэрлэг, сургуулийн насынх бол уламжлалт оньсон, эсгий гээд тоглоомыг сонгох нь хамгийн зөв юм. Ингэснээр та хүүхдээ эмнэлгийн хог хаягдлаар хийсэн хорт бодистой тоглоомноос хол байлгах биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )