Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсан. Хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг төсөлд "Хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоно" гэснийг хэлэлцлээ. Гэхдээ өмнө нь уг асуудал байнгын хороогоор дэмжигдээгүй юм. Ингээд ямартай ч гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байлаа. Ингэхэд Д.Дэмбэрэл гишүүн Ерөнхий сайдад хандан ингэж хэллээ.
р
а Д.Дэмбэрэл: -Засгийн газар хэвлэлүүдэд хэдэн арван саяар нь мөнгө өгдөг гэж байна. Энэ үнэн юм уу. Үнэн юм бол хэн энэ мөнгийг өгдөг юм. Хувь хүнээс үү байгууллагаас гаргаж өгүүлдэг юм уу. Эрх баригчид хэвлэлд мөнгө өгч байгааг юу гэж ойлгох юм вэ. Энэ чинь Засгийн газарт хортой ш дээ. Алдаа эндэгдлээ гаднаас нь хэлүүлж, засах боломж, хяналтаа алдаж байгаа юм. Хэвлэл мэдээллээр хэлүүлж байна гэдэг чинь алдаагаа засах боломж. Мөн хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулж байна. Монгол оронд өөрт нь хортой ш дээ. Эрх баригчид нь хууль дээдэлдэггүй, хэвлэл мэдээллийн амыг барих байдалд оржээ гэж гадаад ертөнц эргэлзээд, хөрөнгө оруулалт өгөхгүй. байна. Хуулиа дээдэлдэггүй, хэвлэл мэдээлэл нь эрх чөлөөгүй газар хэн хөрөнгө оруулах вэ дээ. Ард түмэн хүртэл итгэх эсэхтэй эргэлзэнэ. Харин хэвлэлийг дэмжье гэж байгаа юм бол МҮОНРТ-д өгдөг шиг бүх хэвлэлд ил тод төсөв өгөх хэрэгтэй ш дээ. Хаалтын гэрээ гэдгийг би улс төрийн авлига гэж үзэж байна. Үүнийг би ерөнхий сайдаас асуумаар байна. гэв.
Харин хариуд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийм зүйлийг хэллээ.
Н.Алтанхуяг: “Манай нийгэмд байдаг ялзарсан, бугшсан асуудалыг хөндөж байна. Энэ асуудлыг УИХ хаалттай хэлэлцэх хэрэгтэй. Хэвлэл мэдээлэлд мөнгө өгөөд хүний нэр төрийг гутаах, доромжлох асуудлыг хийж ирсэн. Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа. Гэхдээ Д.Оюунбаатар гишүүн саналаа татаад авчих. Засгийн газар хаалтын гэрээ хийгээгүй, би мэдэхгүй. Засгийн газар хэнтэй ч хаалтын гэрээ хийгээгүй, хийх ч үгүй. Хаалтын гэрээ гэдэг юмыг хийгээд сургасан байна. Үүнийг хамтаараа засна. Бид ийм зүйл хийгээгүй. Улстөрчид хэвлэл мэдээллийг мөнгөөр угжиж болохгүй. Сайд нар төсвийн хөрөнгөөр малилзсан зургаа тавиад, мэндчилгээ дэвшүүлдгээ болих хэрэгтэй” гэлээ.
Ингээд өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөж, уг хууль дэмжигдээгүй юм. Улс төрчид болон АН-ынхан хэвлэлд мөнгө өгөх сонирхолтой бололтой. Н.Алтанхуягийн Засгийн газар хамгийн их мөнгө төлдөг гэдгийг энэ салбарт ажиллаж буй хүмүүс ярьдаг. Харин сайд үүнийг хааж, нууж хэлэлцэхийг л хүслээ.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 0 )