Залхууралд хүргээд байгаа шалтгаануудыг яг одоо хаяж од

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 08

Амьдралаа чанаржуулахын тулд та өнөөдрөөс яг энэ мөчөөс үйлдэл (action) болон алхам  авч эхлэх хэрэгтэй. Таны сонгосон үйлдэл болгон ондоо үр дун үзүүлнэ. Үйлдлийн эх үүсвэр хаанаас эхлэх вэ гэвэл чин сэтгэлээсээ ШИЙДВЭР гаргаснаар та үйлдэл авч эхлэх болно. Тиймээс амьдралдаа чанарыг сонгох уу үгүй юу гэдэг шийдвэр гаргаснаар амьдрал тань чанартай байх уу үгүй юу гэдгийг шийдэж өгөх юм. Хэрвээ шийдвэр гаргаж чадахгүй бол санаа зоволтгүй хүрээлэн буй орчин таны амьдралыг шийдээд өгнө. Гэхдээ та үүнийг хүсээгүй нь лавтай.

Хүмүүс амьдралаа хэрхэн чанаржуулах вэ гэдэг шийдвэрийг шууд гаргахын оронд яагаад чанаржихгүй байна вэ гэдэг шалтгаануудыг нэн түрүүнд тавьдаг. Жнь: Мэргэжил боловсрол эзэмшээгүй учраас, боломжтой ар гэрээс төрөөгүй ч юм уу, дэндүү залуудаад байна эсвэл дэндүү хөгшдөөд байна, заагаад өгөх хүн байх биш, мөнгө төгрөг байхгүй учраас гэх мэтийн шалтаг мундахгүй.

 


Шалтаг тавихаа яг одооноос зогсоо. Ямар хүн болмоор байна, ямар амьдралаар амьдармаар байна гэдэгтээ сэтгэл санаагаа төвлөрүүлж шийдвэрийг гарга. Та залуу ч бай хөгшин ч бай хамаагүй. Амжилтанд хүрэхэд насны хязгаар ерөөсөө хамаарахгүй. Мэргэжил эзэмшсэн ч бай үгүй ч бай, боломжтой ар гэрээс төрсөн ч бай үгүй ч бай, мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай « Та хаанаас үүсэж, хаанаас ирсэн огт хамаагүй, гагцхүү хаа хүрэх вэ? очих газар чинь юу вэ? гэдэг л хамгийн чухал» шүү.

Тиймээс «Би ийм л хүн болох хүсэлтэй, миний амьдрал ийм л байх ёстой, миний гаргасан шийдвэрийг хэн ч юу ч зогсоож, үгүйсгэж чадахгүй гэдэгтээ бат үнэнчээр зогсож чадсан тохиолдолд та амьдралаа өөрчилж чанаржуулах болно.

Хэрвээ шийдвэр гаргах нь тийм амархан, тийм хүчтэй юм бол яагаад хүн болгон шийдвэрийг шууд гаргадаггүй юм бэ? Яагаад гэвэл хүмүүс чин сэтгэлээсээ шийдвэр гаргахыг мэдэхгүй, мэддэг ч гэсэн хэзээ ч энэ тухай тусгайлан бодож үзээгүй байдаг. Чин сэтгэлээсээ шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийн оронд зүгээр л тэгэх юмсан, ингэх юмсан гэж боддог тал бий. Шийдвэр гаргахгүй зөвхөн бодоод яваад байвал хэзээ ч алхам авч эхлэхгүй шүү!

Жишээ нь: Тамхинаас гарчих юмсан, Жингээ хасчих юмсан гээд л…

 


Хэрэв үнэхээрийн турах сонирхолтой бол турах шийдвэрийг шууд гаргаж тэр дор нь хоолны дэглэм баримталж, дасгал шууд хийж эхлэх хэрэгтэй.  Таргалуулахад нөлөөлөх болон таргалуулах боломжтой гэх бүх  зүйлсийг шууд зогсоох хэрэгтэй. Олон таван юм бодож ярилгүй «Шууд хий» “Just do it” гэдгийг баримтлах нь зөв гэж бодож байна.  Брюс Ли-ийн хэлснээр « Усанд сэлэхийг хүсвэл ус руу шууд үсэр. Хуурай газар байснаар чамд огт туслахгүй».  Тиймээс ямар ч асуудал гаргалгүйгээр шууд шийдээд алхам авч эхлэх хэрэгтэй.

 



Шийдвэр гаргахаас өмнө анхаарах зүйлс буюуу өөрөөсөө асуух асуулт

1.         Таны амьдралын утга учир юу вэ?

2.         Та түүн дээрээ анхаарлаа төвлөрүүлж байна уу?

3.         Та яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлж байна вэ?

 



Амьдралаа чанаржуулахын тулд мөрдөх зүйлс

1.         Шийдвэр гаргах

2.         Үйлдэл буюу анхны алхам авч эхлэх

3.         Аль үйлдэл зөв байна аль нь буруу байна гэдгээ мэдэх

4.         Буруу байвал арга барилаа өөрчилж цааш шантралгүй тууштай үргэлжлүүлэх

 



Шийдвэр гаргах арга зам

1.  Шийдвэр гаргаснаар таны амьдрал хэр их өөрчлөгдөх вэ? Мөн түүнээс гарах үр дүнг мэдэх.

2.   Чин сэтгэлээсээ шийдвэрийг гаргах. Яаж? Хэрхэн? гэх мэтийн олон янзын юм бодолгүйгээр шийдвэрийг шууд гарга. Илүү дутуу юмнууд бодсноор эргэлзээ үүсч, шийдвэр гаргахгүйд хүргэдэг. Харин чин сэтгэлээсээ гаргасан шийдвэрийн дагуу алхам хийх нь гарцаагүй байдаг.

3.   Шийдвэрийг аль болох олон удаа гаргаж байх. Шинэ шийдвэр гаргах бүр шинэ алхам хийж эхэлдэг. Тиймээс хэр их олон шийдвэр гаргана тэр хэмжээгээрээ үйлдэл хийдэг. Хэр их үйлдэл хийнэ тэр хэмжээгээрээ туршлага сууж, өсөж хөгждөг сайн талтай.

4.   Гаргасан шийдвэрүүдээсээ суралцах. Ингэснээр та зөв, нухацтай, ухаалаг шийдвэрүүдийг гаргах чадвартай болно.

5.   Гаргасан шийдвэртээ бат зогсож, харин хийж байгаа үйлдэлдээ  уян байх. Үйлдэл буруу бол түүнийхээ арга барилийг үргэлж өөрчлөхөд бэлэн байх.

6.   Амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаж байгаадаа сэтгэл хангалуун байж сур.

Чин сэтгэлээсээ  ШИЙДВЭР гаргаснаар амьдралаа өөрчлөх ХҮЧ-ийг олж авч,  яг тэр цаг мөчөөс эхлэн амьдрал тань бур мөсөн өөрчлөгдөн чанаржихаас гадна таны амьдрал таны хүссэнээр төлөвших болно гэдгийг ойлгоорой.

АМЬДРАЛАА  ЯГ ОДООНООС ЭХЛЭН ЧАНАРЖУУЛЦГААЯ!

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top