Засгийн нөөцөөс 854 саяыг ”самардсан” Л.Гансүх гадаадад өвчтэй байгаа

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 09

 

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн чихнээс хонх уядаг хамаатан садан, туслах, дарга цэргүүдийг тоолоод барамгүй болов. Хайртай охиноос нь эхлээд төрийн мөнгө шамшигдуулсан түүх хэвлэлээр цуврах болов. Өчигдрийн дуулиан гэхэд Н.Алтанхуягийн бас нэг “Дэнзэн” 13.3 тэрбумын тендерт эзэн суусан эсэх талаар дуулиан байлаа. Засгийн газраас гуравдугаар сарын 7-ны хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхийг дэмжсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу нийтийн тээврийн автобусны бүртгэлийн GPS систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн системийг суурьлуулахаар болсон.

Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг систем нэвтрүүлэхэд шаардагдах 13.3 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас олгоход Засгийн газар баталгаа гаргахаар тогтсон. Ажлын гүйцэтгэлийг "Слайд" ХХК гардан хэрэгжүүлэхээр болсон нь нилээдгүй хэл ам дугуулсан бөгөөд сайдын нөлөө байсан гэх. Өөрөөр хэлбэл дээрх гадаад нэртэй компани тендерт арын хаалгаар шургалсан уу гэх хардлага нийгэмд төрөөд байгаа юм. Шалтгаан нь Слайд компани төслийн ямар нэг материал байхгүйг зарим нэг эх сурвалжууд хэлсэн тухай мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна.

Гэтэл мөн л Ерөнхий сайдын туслах Засгийн газрын нөөцөөс  854 саяыг самардаад хил даван зугтсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн нүүрсний хөгтэй холбоотой асуудал аж. Сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж үзэж байгаа аж.

Харин тэрбээр долоо хоногийн өмнө хилээр оргон зайлсан байна. Түүнд Авлигатай тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц тэрбээр гадаадад гарсан гэдгийг прокурорын байгууллагаас мэдээлжээ. Харин түүнийг хаана байгаа тухай тодруулахад "Гадаадад өвчтэй байгаа" гэдэг хариу өгчээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top