Ерөнхий сайдын ивээл дор “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөлгөөн Төрийн ордонд эхэллээ. Өнөөдөр улсын хэмжээнд мал маллаж, баялаг бүтээж байгаа 15-34 насны 110 мянга гаруй залуусын төлөөлөл болсон 360 залуу малчин 21 аймгийн 330 сумаас хуран чуулжээ. 2013 онд 3800 толгой мал тоолуулж ажил амжилтаараа залуусаа түүчээлж байгаа Завхан аймгийн Цэцэн-Уул сумын малчин Д.Ванган, 2000 гаруй мал тоолуулсан Говьсүмбэр аймгийн Баянтал сумын малчин эмэгтэй Мөнхнасан, хамгийн залуу малчин Ховд аймгийн Мөст сумын малчин Тулгаа зэрэг тэргүүний залуу малчид зөвлөлгөөнд уригдан оролцож байна. Зөвлөлгөөнд 68 залуу малчин эмэгтэй уригдан оролцож байгаа юм.
Уг хурлын өмнөх өдөр танилцах үдэшлэгийг Сүнжин гранд зочид буудалд зохион байгуулсан бөгөөд Монгол орныхоо өнцөг булан бүрт суурьшиж, мал аж ахуйгаа өсгөн үржүүлж, эх орныхоо хөдөө аж ахуйг хөгжүүлж яваа эдгээр залууст үеийн залуучуудтайгаа танилцах боломжийг анх удаа олгож байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтад 330 сумын 360 гаруй залуучууд ирсэн бөгөөд малчин залуус танилцах үдэшлэгт солонгын долоон өнгийн намирсан дээлнүүдийг өмч ирсэн нь үнэхээр онцгой харагдаж байсан юм.
Малчин залуусын танилцах үдэшлэгт Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа болон МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат нар залуу малчдаа хүндлэн ирж оролцсон бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат хэлэхдээ “Би ч бас мал маллаж байсан, энэ орой та бүгдийгээ хараад мал аж ахуйн салбартаа санаа зовох шаардалагагүй юм шиг санагдлаа. Маргааш болох чуулгандаа тулгамдаж байгаа асуудлаа зоригтой хэлж, шийдвэрлэх арга замаа хамтдаа хэлэлцэж, нутагтруугаа хэлэх үгтэй, хийх ажлын төлөвлөгөөтэй болоод очоорой” гэж хэлэхэд залуу малчид маань зориг орсон мэт харагдаж байсан юм. Малчин залуусын танилцах үдэшлэгт МУГЖ Ө.Уянга, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МЗХ-ны дэргэдэх “Залуу циркчдийн хороо”-ны циркчин залуус уригдан ирж ая дуугаа өргөсөн бөгөөд МУГЖ Ч.Бат-Эрдэнэ “Манайханы алга ташилт “нүр нүр” гээд цаанаа л нэг жинтэй аргагүй л манайхан шүү дээ” гэж хошигнож, зааланд цугласан залуу малчид хэн босч бүжиглэхнүү хэмээн хэдэн биенээ харан, нэг нь босонгуут бүгд даган босч “Сүнжин” грандын шалыг цөмлөх шахсан танилцах үдэшлэг болжээ.

Сэтгэгдэл ( 1 )
makhnii uniig 20000 bolgox gej bgaam uu