Монголчууд бид амны билгээс ашидын билэг хэмээн ар хойчийг муугаар хэлэх нь цөөн. Төрийн минь сүлд өршөө түмэн олон минь амгалан байг хэмээн цайныхаа дээжийг өргөсөөр ирсэн. Гэсэн ч энэ итгэлийг өнөөгийн засаг залгиж орхив. Нийгмийн бухимдлын зонхилох хэсгийг зам, барилгын асуудлууд эзлэхээс эхлээд мундахгүй олон ээдрээ байгаа.
Ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татах төр нь нэг сайдыг суудлаас нь буулгах эсэх, нөгөө гишүүнийг намаас хөөх шалтаг хэлэлцсээр хагас сарыг үдэж байгаа нь бүтээн байгуулалт эд өрнөх урин цагийн тушаа гэлтэй.
Өнгөрсөн онд Барилга, хот байгуулалтын сайд, монгол банкны ерөнхийлөгчийн тушаал гарч барилгын салбарыг дэмжих, улмаар үнийн хөөрөгдлийг барих дэд хөтөлбөр хэрэгжсэн байдаг.
Харамсалтай нь үр дүнд нь өнөөх барилгын үнэ улам ч тэнгэрт хадсан. Судлаачдын мэдээлснээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс энэ оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсийнхээс 2,2 дахин, өмнөх улирлынхаас 2,3 хувиар өссөн гэлээ. Энэ оны эхний нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс Сонгинохайрхан дүүрэгт 38,9 хувиар, Хан-Уулд 369,5 хувь, Баянзүрхт 35,4 хувь, Сүхбаатарт 34,8 хувь, Баянголд 32,9 хувь, Чингэлтэйд 32,3 хувиар тус тус өссөн нь өмнөх улирлынхаас огцом өсөхөд нөлөөлсөн байна. 1970 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны үнэ нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеийнхээс 24,8-34,9 хувиар нэмэгдсэн гэнэ. Харин 1970-2001 оны орон сууцны үнэ 31,9-98,9 хувиар өссөн бол 2002 оноос хойш ашиглалтад орсон байрны хувьд 33,5-43,4 хувиар нэмэгджээ. Энэ нь, орон сууцны зах зээлд байрны нийлүүлэлт эрэлтээ давж чадахгүй байгаагаас үүссэн хөөс гэнэ. Харин энэ хөөсийг арилгахаар засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадахгүй л байна. Насаараа өрөнд орж байлаг бүхнээ барьцаанд тавьсны эцэст хэдхэн жилийн дараа хана нь цуурч, тааз нь мөөгөнцөртсөн байртай үлдэж байгаа гэр бүлүүд хэдэн зуугаараа нэмэгдсээр л байна.
Манай улсын бүртгэлтэй нийт 593 мянга гаруй авто тээврийн хэрэгсэл байгаагаас Улаанбаатар хотод 54.1 хувь буюу 321200 гаруй тээврийн хэрэгсэл хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа. Мөн хоногт 180 мянган автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байна. Иймээс хамгийн тулгамдсан асуудал бол зам бүтээн байгуулалт. Энэ жил зам засварын ажилд тусгагдсан нийт өртөг нь 74 тэрбум 130 сая төгрөг болсон. Харин энэ мөнгө бидний халааснаас гараад чанартай зам болж чадах эсэх нь мөн л эргэлзээтэй. Өнгөрсөн жилийн барьсан, зассан замын чанар ганцхан борооноор шалгагдаж социализмийн үед барьсан замаас хэдэнтэй доор болсон байгааг та харж байгаа.
Зөвхөн нийслэлд гэхэд энэ онд хийх ажлын төлөвлөгөөнд
Өргөтгөн шинэчлэх авто зам-54.9 км
Шинээр барих авто зам-40.4 км
Гүүрийн засвар, шинэчлэлт-243.2 у/м
Гадаргуун ус зайлуулах шугам-9 байршилд
Авто машины нүхэн гарц-1
Явган хүний гүүрэн гарц-2
Байгалийн чулуун зам-1.84 км барихаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 1 )
МХЕГ-н авто замын болон Нийслэлийн Авто замын хяналтад мэдлэг боловсролгүй нам дагасан авилгачид ажилдаг учраас ийм байгаа юм даа...