Өнөөдөр Олон улсын Гэр бүлийн өдөр

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 15

Өнөөдөр 2014 оны тавдугаар сарын 15. Бүрхэг, хүйтэн өдрүүд ард хоцорч, зуны нарлаг намуун цаг ойртон буйг гэрчилсэн цэлмэг дулаан өдөр болж байна.

Дэлхий дахинаа энэ өдөр Гэр бүлийн баярыг тэмдэглэж байгаа. 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Олон улсын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан. Хамгийн анхны тэмдэглэлт өдрийг 1994 оны тавдугаар сарын 15-нд тэмдэглэсэн юм.

Олон улсын Гэр бүлийн өдрөөр дэлхий дахин хүн амзүйн хөгжил, гэр бүлийн аз жаргал, бат бэх байдал, нийгэм, эдийн засаг дахь гэр бүлийн оролцоог нийтэд сурталчлан таниулдаг. Өнөөдөр хүн төрөлхтөн 20 дахь удаагаа Олон улсын Гэр бүлийн өдрийг тэмдэглэж байгаа аж.

 


Гэр бүл ба аз жаргал

Оросын их зохиолч Лев Толстой Анна Каренина романаа “Аз жаргалтай гэр бүлүүд бүгд адил байдаг. Харин аз жаргалгүй гэр бүл болгон өөр өөр байдлаар аз жаргалгүй байдаг” гэсэн үгсээр эхэлжээ.1 Аз жаргалтай гэр бүлүүд бүгд адилхан байдаг гэсэн Толстойн санаа миний хувьд тодорхой биш ч гэсэн аз жаргалтай гэр бүлүүдэд байдаг хамгийн нийтлэг зүйл бол бусдын алдаа дутагдлыг уучлан, мартаж, сайн сайхан бүхнийг эрэлхийлдэг явдал гэдгийг би мэдсэн билээ.

Үүний эсрэгээр аз жаргалгүй гэр бүлийн гишүүд бусдаас үргэлж дутагдал олж, өш хонзон санаж, өнгөрсөн үеийн гомдлоо мартаж чаддаггүй.

 


Аз жаргалгүй хүмүүс “Тийм ээ, гэвч…” гэсэн үгсээр гомдлоо эхэлдэг. “Тийм ээ, гэвч тэр эмэгтэй намайг хэчнээн их гомдоосныг та мэдэхгүй шүү дээ” гэж нэг нь хэлэхэд “Тийм ээ, гэвч тэр эрэгтэйг хэчнээн аймаар хүн болохыг та мэдэхгүй ш дээ” гэж нөгөө нь хэлдэг.

Хоёулаа зөв байж болно. Эсвэл хоёул буруу байж болно.

Хэн нэгэнд гомдсон гомдлын болон учруулсан сэтгэл санааны хохирлын хэмжээ өөр өөр байдаг. Гэвч бид бусдын үйлдлийг уучилж болшгүй, амин хувиа хичээсэн гэж буруутгахдаа уур хилэнгээ зөвтгөн, өөрсдийгөө тайтгаруулахын сацуу өөрсдийн амин хувиа хичээсэн үзэл бодол, учир үндэслэлийг гэм буруугүй, зөв гэж үздэг нь ажиглагдсан юм.


Хунтайжийн нохой

13-р зууны үеийн Уэльсийн хунтайжийн тухай нэгэн түүх байдаг. Түүнийг гэртээ эргэж ирэхэд нохойных нь нүүр цус болсон хэвтэж байж гэнэ. Тэгээд хун тайж дотогшоо яаран ортол, аймшигтай зүйл харагдаж. Нялх хүү нь алга. Өлгийг нь хөмөрч унагасан байв гэнэ. Тэр уурласандаа илдээ суга татан, нохойгоо цавчаад алчихаж. Хунтайж тэр дорхноо хүүхэд уйлахыг сонсож. Ашгүй хүү нь амьд байжээ! Хүүгийнх нь хажууд нэг чоно үхсэн байв. Хөөрхий тэр нохой хунтайжийн хүүг аюулт араатнаас хамгаалан аварсан байж.

Энэ түүх эмгэнэлтэй ч гэсэн нэг зүйлийг бидэнд өгүүлж байна. Энэ нь бусад хүмүүсийн хийдэг үйлдэл яагаад бодит байдалтай нийцдэггүй тухай бид заримдаа буруу ойлголттой байж болохыг мөн бид өөрсдөө ч бодит байдлыг мэдэхийг хүсдэггүйг харуулж байна. Бид гомдол, дургүйцлээ барьж чадахгүй, уурлаж бухимдсандаа өөрийгөө зөвтгөх шалтаг эрдэг. Заримдаа ийм атгаг санаа хэдэн сар, жил, тэр ч бүү хэл насан турш үргэлжилж болно.

 



Гэр бүлд хагарал гарсан нь

Нэг эцэг өөрийнх нь заасан замаас гажсаных нь төлөө хүүгээ уучилж чадахгүй байжээ. Тэр хөвгүүний найз нар аавд нь таалагддаггүй бас хүү нь аавынхаа хийж болохгүй гэж боддог олон зүйлийг хийдэг байж. Энэ нь эцэг хүү хоёрын хооронд ангал бий болгож, удалгүй хүү нь гэрээ орхин явж, эргэж ирээгүй гэдэг. Тэд дахиад ганц хоёрхон удаа ярилцжээ.

Аав нь өөрийнхөө зөв гэж бодсон болов уу? Тийм ч байж магадгүй.

Хүү нь өөрийнхөө зөв гэж бодсон болов уу? Тийм ч байж магадгүй.

 


Олж мэдсэнээр эцэг хүү хоёр бие биеэ уучилж чадаагүйн улмаас гэр бүлд нь хагарал гарч, аз жаргалгүй болсон явдал юм. Эцэг хүү хоёр бие биенийхээ талаарх өнгөрсөн үеийн гашуун дурсамжийг мартаж чадаагүй аж. Тэд зүрх сэтгэлээ хайр, уучлалын оронд уур хилэнгээр дүүргэжээ. Эцэг хүү хоёр бие биенийхээ амьдралд сайн нөлөө үзүүлэх боломжоо өөрсдөө дээрэмдсэн ажээ. Тэдний хоорондох ангал улам бүр гүнзгийрч, өргөжин, тэд өөрсдийн сэтгэл хөөрлөөр бий болгосон арал дээрх сүнсний шоронгийн хоригдлууд лугаа адил болсон.

Аз болоход, хайраар дүүрэн, мэргэн ухаант хүн үүнийг даван туулах арга хэрэгслээр хангагдсан юм. Агуу хийгээд хязгааргүй уучлал ба эвлэрлийн оргил үйлдэл мөн.


Төгс гэр бүл гэж байхгүй

Бидний хэн нь ч нүгэлгүй цэвэр ариун биш. Бид бүгд түүний дотор та нар ч, би ч адилхан алдаа гаргадаг. Хэн нэгэн биднийг гомдоодог бол бид ч бусдыг гомдоодог. Гэр бүлийнхээ дотор илүү уучламтгай байхад, бие биеэ илүү уучилдаг байхад бас өөрийгөө уучилж чаддаг байхад аз жаргал минь тусална. Хамгийн аз жаргалтай гэр бүлүүдэд байдаг нэгэн гайхамшиг болох уучлал бидэнд байх болтугай хэмээн би залбирч байна.

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.160.26) 2025 оны 03 сарын 13

Гэр бүл, Хайртай хүмүүс бие биенээ уучлах нь амьдралын хамгийн том зүйл. Гэвч хүмүүс өөрсдийн бардам зан, өөрийн зөв гэсэн буруу ойлголтоосоо болоод тэр бүр түрүүлж уучлалт гуйж чаддаггүй нь харамсалтай.

2  |  0
Top