Зэсийн үнэ өсчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 05 сарын 27

Бүс нутгийн индексүүд сүүлийн зургаан сарын дээд түвшиндээ хүрсэн нь Азийн хувьцаануудын ханш өсөхөд нөлөөллөө. Ихэнх үйлдвэрлэлд ашиглагддаг металын ханш өөдрөгөөр төсөөлөгдөж байгаа бөгөөд мөн Австралийн доллар ам.долларын эсрэг чангарсан байна. Токиогийн бирж дээр MSCI Азийн индекс 0.3 хувь өссөн бол Японы Topix индексийн хэмжээ өнгөрсөн сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрч 0.6 хувь өсчээ. Зэсийн ханш Лондонгийн бирж дээр 11 долоо хоногийн хамгийн өндөр түвшиндээ хүрч 0.5 хувь өсчээ.

Зэсийн зах зээл, ханшийн цаашдын төлөвт томоохон хэрэглэгч болох Хятад, АНУ болон Европын холбооны үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлтийн хандлага голлох нөлөө үзүүлнэ гэж шинжээчид таамаглаж байна. Зэсийн хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятадын эрэлт буурах төлөвтэй байгаа хэдий ч нөгөө талаас Европын холбоо, Япон болон АНУ-ын үйлдвэрлэл тогтворжих хандлагатай байгаа юм. Энэ байдал нь зэсийн ханшид эрэлт талаас дэмжлэг болно гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улсууд зэсийн нийт хэрэглээний 32 хувийг бүрдүүлдэг. Тэр дундаа 20 хувийг бүрдүүлж байгаа европын холбооны үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс өнгөрсөн долдугаар сараас хойш харьцангуй тогтвортой хэмжээгээр өсч байгаа юм. Түүнчлэн Хятадын хувьд эрэлт буурах төлөвтэй байгаа ч дотоодын зэсийн хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг барилгын салбарын тэлэлт эрэлтийг дэмжиж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Гэхдээ энэ нь харьцангуй богино хугацаанд буюу ирэх 2-3 жилд Хятадын зэсийн хэрэглээг нэмэгдүүлж магадгүй байгаа аж. Үүнээс гадна зэсийн одоогийн ханшийн түвшин зарим төлөвлөсөн төслийн хугацааг хойшлуулах шалтгаан болж болзошгүй байна. Энэ нь зах зээлд нийлүүлэлт буурах дохио өгч, ханш сэргэнэ гэсэн таамгийг шинжээчдийн дунд бий болгож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu