Монгол оронд 138 зүйлийн хөхтөн, 487 зүйлийн шувуу, 22 зүйлийн мөлхөгч, 75 зүйлийн загас, 6 зүйлийн хоёр нутагтан бий. Монгол улсад гэрэл зургийн болон кино урлаг хөгжөөд 80 жил болсон ч зэрлэг амьтдын фото болон дүрс бичлэгийн нэгдсэн сан байдаггүй. Монголын үзэсгэлэнт байгаль, ховор ан амьтны дүрс Монголд биш Европ, Америк, Япон гээд гадны олон улсад бий.
Мэргэжлийн гэрэл зурагчид, баримтат киноны уран бүтээлчид, биологичид, сэтгүүлчид, судлаач, сонирхогчдоос бүрдсэн “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” төрийн бус байгууллага энэхүү алдааг залруулахаар 2013-2016 онд үргэлжлэх “Монгол орны зэрлэг амьтдын фото болон видео сан бүрдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Уг төслийн хүрээнд хийх ажлууд нь:
· Тус бүр нь 60 минутын, 4 ангит, бүрэн хэмжээний баримтат кино
· Говь, Алтай, тал хээр, умард болон Төв Монголын уулс зэрэг байгалийн 4 бүсчлэлээр хэвлэн гаргах 4 ширхэг каталоги ном
· 2013 оны 12 дугаар сараас эхлэн 14 хоногт 1 удаа цацагдах аян замын тэмдэглэл-шинжлэх ухаан танин мэдэхүйн 60 дугаар нэвтрүүлэг юм.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжих энэхүү төсөл нь Монгол улсын аялал жуулчлалын салбар, ирээдүй хойч үеийн боловсролд асар их ач холбогдолтой юм. Түүнчлэн 2013 оны 12 сарын 19-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Говь танхимд “Байгаль, зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” ТББ-ын тэргүүн У.Ганбаяр, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсанаар тус төслийн албан ёсны түншээр Төрийн банк нэгдэж байгаль, зэрлэг ан амьтдыг хамгаалах үйлсэд хүч нэмээд байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд зохион байгуулагдах гурав дахь ажил буюу "Эко боловсрол олгох аян" өнөөдөр төрийн банкны зааланд нээлтээ хийсэн юм. Энэ аяны гол зорилго нь монголчууд бид хүдрээ барж, хэрмээ хядаж, загасаа дэлбэлж, ирвэсээ устгасаар байх юм бол энэ сайхан амьтадыг амьдаар нь биш сургаар нь мэдэх хойч үе маань "Яагаад тэр үед нь аварч авч үлдээгүй юм бэ?" гэдэг асуултыг заавал тавих нь мэдээж. Бид тэр үед "Яагаад та тэр үед юу ч хийгээгүй юм бэ?" гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болно. Хойч үеэ байгальд хайхрамжгүй биш хайртай болгохын тулд гэрэл зураг , кино урлагаар дамжуулан, сошиал суваг, ТВ оролцуулан Эко боловсрол олгох нь зөв юм гэж Төрийн банк, "Хүрээлэн" төсөл хамтран шийдсэн байна.
Энэ аяны хүрээнд хийгдэх ажилууд:
- Ерөнхий боловсролын сургуулиуд дээр "Амьд ертөнцийн цуврал" гэрэл зургийн үзэсгэлэн гаргана.
-Сурагчдын дунд гар болон гэрэл зураг, эссе, асуулт хариултын уралдаан зарлан дүгнэнэ.
-Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, Төрийн банк өөрөө экологид ээлтэй орчин болох зорилт тавин ажиллана.
-Төрийн банкны нийт ажилагсад, орон даяарх харилцагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ТББ-уудтай хамтран олон нийтийн анхаарлыг байгаль хамгаалах асуудалд хандуулах ажилуудыг зохион байгуулж ажиллах юм байна.

Энэхүү "Эко боловсрол олгох аяны" нээлтийн үеэр "Хүрээлэн" төсөлийн хүрээнд Төрийн банкнаас зохион байгуулсан фото зургийн уралдааны ялагч, шилдэг 25 бяцхан багачуудад шагнал гардуулж бэлэг гардуулсан юм.
Уг тэмцээны:
1-р байранд - Б.Цэцэглэн "Цэцэг инээдэг" зураг /Дорнод аймгийн Мэнэнгийн талд авсан/
2-р байранд - Д.Борхүү "Ээжээ" зураг /Улаанбаатар хот/
3-р байранд- Б.Буян-эрдэнэ "Хоёулаа том болно" зураг /Төв аймгийн Манзуширийн хийдэд авахуулсан/
Фото зургийн уралдааны нэгдүгээр байрын шагналт Б.Цэцэглэн ээж Отгонзулын хамт



"Цэцэг инээдэг" тэргүүн байрын зураг

Сэтгэгдэл ( 0 )