Бээжин явсан тэмдэглэл буюу угсраа автобустай танилцсан нь

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

-Өндөр үнэтэй угсраа автобуснууд замын хөдөлгөөнд саад учруулж болзошгүй-

Одоогоос жил гаруйн өмнө анх удаа Бээжин явах замд өвөрмонгол жолоочоос Бээжин хэр том хот вэ? хэмээн сониучирхан урт өргөнийх нь харьцааг асуухад “Хааш хаашаагаа 150 км” гэж хэлж билээ. Зөрүүлээд надаас Улаанбаатарыг асуухад “Урт нь 41, өргөн нь 16 км гэж хаанаас ч билээ сонссоноо хэлж сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэр хавьцаа” гэсэн юм.

Бээжинд орлоо гэчихээд хотын төвд нь очих гэж хоёр цаг гаруй явсан бөгөөд тухайн үед орой болсны дээр Бээжинд хэд хэдэн удаа хяналтын цэг дээр түгжирсэн юм. Пост болгон дээр шахуу хяналт гарч, автомат буутай хамгаалагч харгалзаж байв. Учрыг лавлахад гурван монгол оюутан охин мөнгө амалсан нэгэн хүний зараалаар клашников буу задалж биедээ нууж яваад барагдсанаас болсон гэв.

Дараа нь үүнээс хэд хоногийн өмнө Хятадад хутгаар зэвсэглэн нэг хүн хүмүүс рүү дайрч хэд хэдэн хүн шархдуулсан гэдгийг мэдсэн юм. Буцахдаа Бээжин хотын дөнгөж гадна байх Цагаан хэрмийг үзэв. Үүнээс нааш Монголын нутаг гэвэл өргөнөөрөө бараг 1000 км газар байв. Эрээнээс Бээжин хүрэх толь шиг замаар "Старекс" маркийн автомашинаар 12 цаг давхихдаа 1000 км хэмээн тооцоолж суув.

За юутай ч, ингэж нэг Бээжинд очиж хотын төвөөр нь 3 хоног аялахад ойролцоогоор 500 метр яваад нэг нүхэн гарц, нэг гүүр байв. Гэхдээ манайх шиг зай талбай, хөрөнгөндөө барагдаагүй гүүр, нүхэн гарц нь том бөгөөд нэлээн алсаас ордог. Өөрөөр хэлбэл манайх шиг огцом бөгөөд өндөр шаттай биш гэсэн үг л дээ.

Тэндхийн ийм гарцууд нь явган зорчигч битгий хэл хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй, дугуйтай хүмүүст ч орж гарахад ая тухыг нь хангасан байв. Үүнээс гадна газар доор болон газар дээр өндрөөрөө хоёр давхарт орчимд тавьсан төмөр замаар явах метротой. Бээжинд унадаг дугуй, ачаатай гурван дугуй их унах ба энэ нь замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэхгүй сайн талтай. Түүнчлэн хоёр давхар автобус болон угсраа автобус бий. Монголчуудыг баян гэж ярьдаг Бээжингийн хятадууд их л бага цалинтай ба автобусанд бэлэн мөнгө болон цахим картаар үйлчлүүлнэ. Хол чиглэлд, хүн багатай явдаг автобуснууд нь 1 юань /манайхаар 300 хүрэхгүй төгрөг/-аар үйлчилдэг бөгөөд цахим картаар үйлчлүүлбэл үүнээс ч бага тарифаар зорчдог гэсэн.

Хэдийгээр Бээжинд цахим картжсан ч угсраа автобусууд их урт учраас гол төлөв дунд хаалган дээр нэг кондуктор байсан юм. Угсраа автобусны баян хуурын голын пүрш шиг залгаасан дээр ихэнхдээ зогсч явахдаа эргэлт, тойрог дээр автобус энэ хэсгээрээ бага зэрэг нумарч байгааг анзаарав. Тэгээд нумарсан автобус арын хэсгээ /бөгсөө/ шидэх гэж байгаа юм шиг санагдаж билээ. Том зам дээр алсуур эргэдэг энэ автобус манайх шиг нарийн замд эргэх гэж хэт нумарвал “бөгсөө шидэж” хажуудах автомашинуудаа цохихгүй гэх газаргүй гэж төсөөлөв.

Тэгээд ч Бээжингийн замууд эргэлтүүд дээр халтиргаанаас сэргийлсэн ягаан өнгийн барзгар гадаргуутай харагдаж байв. Харин ийм хучилтгүй, дээр нь өвөлдөө халтиргаатай манайх шиг нөхцөлтэй замтай нэлээд бүрхгийг нуух юун. Хотын удирдлагуудын хэлснээр, маргаашнаас нийтийн тээврийн үйлчилгээнд гарах угсраа автобус 20 ширхгийг тус бүр нь 399,500,000 төгрөгөөр Белоруссийн “МАЗ” үйлдвэрээс авчээ. 18,7 м урт, 2,55 м өргөн, 163 хүний багтаамжтай энэ автобус зөвхөн төв замаар буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл чиглэлд явах юм гэсэн. Чигээрээ бол яваад л байх энэ автбоус дээрх хоёр уулзвар дээр эргэх гэж нэлээн юм болно. Манайд явж буй хоёр автобусыг залгаснаас урт энэ автобус тойргийг ганцаараа эзэгнэн байж тойрно.

Тэгээд ч урт зогсоолтой Бээжинд ийм автобус хэд хэдээрээ ирээд зогсдог бол манайд ганцхан автобус нэг зогсоолыг бүхэлд нь хааж ардах автобусныхаа уурыг барна даа. Угсраа автобус нийтийн тээвэрт явуулж эхлэхдээ холбогдуулан чиглэлүүдэд багагүй өөрчлөлт оруулж төв замыг угсраа автобуснуудад өгч, хөндлөн огтлох замыг дан автобуснуудад өгсөн ч энэ нь замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах тийм ч оновчтой шийдэл биш билээ.

Харин огцом хурдтай давхиж, унахчаа аядаж хоёр тийшээ савалж явдаггүй бол давхар автобус нь манай нөхцөлд арай илүү оновчтой шийдвэр харагдана. Тэгээд ч угсраа автобус замын хөдөлгөөнд саад учруулж болзошгүй хэмээн Нийтийн тээврийн газрын мэргэжилтэн нь хэлж сууна. Нэг бүр нь 400 сая орчим төгрөгийн үнэтэй, дээрээс нь явахад нь зориулж 1,5 тэрбум төгрөгийн зам засварын ажил хийн байж явуулсан автобуснууд нь Монголын нөхцөлд явж чадах эсэхийг маргаашийн мандах нарнаас эхлэн харах л үлдэх шив.   

Э.Төгс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
baatar(112.72.13.64) 2025 оны 03 сарын 13

Bi onoodor suuj yzlee.mash saixan unaa bnaa,deer bichsen xyn jaaxan gutrangi xyn bololtoi,zygeer zygeer,bolj bna.gadnii yum bolgon saixan bx albaggyi

1  |  0
мягмар(74.131.86.226) 2025 оны 03 сарын 13

Муу амтай хог вэ.Болж бүтэх талаар яриач

1  |  0
turuu(180.149.78.22) 2025 оны 03 сарын 13

ene tugs gezh nuhur naadhaa sumyn sonin deer gargazh uuriigoo nuuzh yavaach ee

1  |  0
Top