Зохиолч Милорад Павич нь Сербийн нийслэл Белград хотод уран барималч, философийн багш нарын гэрт төржээ. Түүний өвөг эцэг нь мөн зохиолч байсан байна. Милорад Павич 1949-1953 оны хооронд Белградын Их Сургуулийн философийн ангид суралцаж, Загребын Их Сургуулийн уран зохиолын түүхээр докторын зэрэг хамгаалжээ. Зохиол бүтээл туурвихаасаа өмнө тэрбээр янз бүрийн их сургуулиудад (Парис, Вена, Фрайбург, Регербург ба Белградад гэх мэт) уран зохиолын хичээл ордог байв. Түүний анхны яруу найргийн ном 1967 онд хэвлэгдсэн гэдэг. Милорад Павич сонин хэвлэлд ажиллаж, эртний Сербийн утга зохиолын түүх, бэлгэдлийн яруу найргийн бүтээлүүдийг судалдаг байв. Тэрбээр Орос, Герман, Франц хэлтэй байсан. Сербийн зохиолч, утга зохиол шүүмжлэгч Яашима Михаиловичтай гэрлэж тэд хоёр хүү, нэг охинтой болжээ. Тэрбээр 2009 оны арваннэгдүгээр сарын 30-нд 81 насандаа нас барсан түүхтэй.
Нэгэн цагт Сербийн эзэнт гүрэн нуран унахаас өмнө тус ард түмний соёл урлаг, уран зохиол ноён оргилдоо хүрч байсан гэдэг. Сербийн зохиолч Милорад Павичийг шинэ зууны утга зохиолын өнгө төрхийг тодорхойлсон гэж судлаач шүүмжлэгчид үнэлдэг ажээ. Түүний "Салхины дотоод тал" романыг зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг эх хэлнээ хөрвүүлсэн юм. Тус зохиол нь Сербийн ард түмний түүхийг Леандрын түүхээр сонирхолтой өгүүлсэн төдийгүй дорно дахины хүн дахин төрдөг тухай ойлголтыг барууны үзэл санаагаар авч үзсэн хэмээн дэлхийн уран зохиолын ертөнцөд үнэтэй байр суурь эзэлдэг билээ. Тус номоос онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Үхэл магадгүй чамайг төрөхийг хэдэн зуунаар хүлээсэн ч байж мэднэ.
Дотор сэтгэлд нь хургасан айдас, хацар хүзүүг нь хайрч байгаа хүйтэн хоёрт тэр дагжин чичирч байлаа.
Хэн хэтэвчиндээ байгаа зэс зоосноос алтан зоосоо ялгахгүй, хэн шөнүүдийн цаанаас өдрүүдийг олж харахгүй байна, тэр хүн сайнаа үзэхгүй!..
Чи дарс шиг, эсвэл Бухарын хивс шиг хуучирч дээ. Хэдий хуучин байна, төдий чинээ сайн. Гэхдээ танигдахгүй болтлоо хөгширч болохгүй шүү.
Тэдний зам яг ийм зангилаасаар холбогдож, өөр хоорондоо хэтэрхий ойртож ч болохгүй, сугаран зугтаж ч болохгүй тийм харьцааг хадгалж, хэдий загасаар дүүрсэн торыг татаж гаргахад бүхий л зангилаа нь задрах шахаж байвч ачир дээрээ тодорхой хэмжээнд хүртлээ л сунаж татагдаж чаддагтай адил хүн болгон хүссэн зүйлээ биш, хийх ёстой зүйлээ л хийцгээдэг юм шүү дээ.
Нэг үгээр хэлэхэд хүү нь эцгээ, эцэг нь хүүгээ огт мэддэггүй байжээ.
Европыг Азиас зөвхөн ус заагладаг юм биш, бас өөрөөр хэлбэл цаг хугацаа заагладаг гэдгийг тэр мэднэ.
Магадгүй Геро Леандр хоёрт усны биш цаг хугацааны давалгаа саад болж байсан байх. Магадгүй, Леандр сэлээд сэлээд тэнгисийн усыг биш, цаг хугацааг туулан гаталж чадаагүй байх хэмээн хариулав.
Аливаа үйл ажиллагаа нь хийж байгаа хүнийхээ хүчин чадалтай тэнцэж байх ёстой, хэрэв энэ харьцаа алдагдаж эхэлбэл хийх гэж бодсоны ч хэрэггүй.
Зарим заримдаа тэрээр хачин их ганцаардаж, танил, нөхдийн хүрээлэлд ормоор санагдана.
Чи зүрх, сэтгэл хоёрын хооронд ямар ялгаа байдгийг мэдэх үү? Бид дотоод харцаа зүрхэн дээр төвлөрүүлсэн үед л тухайн агшинд тэр ямар хэлбэр дүрстэй байгааг олж харж чадна. Харин сэтгэлийнхээ дотор тал руу харахад тэр одоо байгаа янзаараа биш, мянган жилийн өмнө ямар байснаараа харагдана, яагаад гэвэл сэтгэлд хүрч, түүнийг харах хүртлээ бидний харцанд их зүйл хэрэгтэй, өөрөөр хэлбэл дотоод сэтгэлд хүрч, түүний гэрэл гэгээг мэдэртэл өчнөөн цаг хугацаа шаардагдана гэсэн үг. Иймэрхүү маягаар аль хэдийнэ байхгүй болсон сэтгэлийг бид хааяа олж хардаг ч байж магадгүй юм. нэгэнт сэтгэлд ийм байгаа юм чинь үхлийн талаар юу ярих вэ дээ.
Товчоор хэлбэл үхлийн мөч ирэхэд хүн өөрийнхөө үхлээр үхэх үү, бусдыг үхлээр үхэх үү гэдгийг хэн ч хэлж мэдэх аргагүй.
Бороон дундуур шууран гарахад хуурай үлддэг салхины тэр дотор тал руу өнгийн хармаар байсан юм.
Үхэл л байдаг харин төрөлт байдаггүй юм байна. Цаг хугацаа үхдэг болохоос төрдөггүй.
Би гэрэлт цохтой хөөцөлдөөд байгаа юм байна. Тэр цох миний дотор орчихоод байхад хүртэл хөөцөлдсөөр л байгаа аж. Залгина гэдэг чинь бүгдийг дуусгаж байгаа хэрэг биш, гэрлийг залгисныхаа дараа ч гэсэн байлдан дагуулах хэрэгтэй л болдог юм байна даа...
Өөрөө мэрийхгүй бол чи хэзээ ч бие даасан хүн болж чадахгүй. Насан өтөл болтлоо эцгийнхээрээ найтааж, эхийнхээ зааснаар эвшээнэ гэсэн үг.
Одоо цагийн хязгаараас давахад цааш нь ирээдүй цагт ч, өнгөрсөн цагт ч амьдрал гэж байхгүй, байгаа ч үгүй, байх ч үгүй.
Хүний амьдрал бол зорилго нь замын эцэст биш, харин дунд хавьд нь үлдчихдэг хачирхалтай хөөцөлдөөн.
Нойргүйдэл намайг хамгийн ихээр шаналгана. Дэлгэсэн номоо тасхийтэл хааж, ялааны ан хийн зугаацдаг байсан ба дараа нь уншиж байх явцад тийнхүү миний ангийн олз, өөд болооч ялаануудын бяцарч хатсан цогцсууд энд тэндгүй дайралдаж, өчүүхэн аягүйцэл төрүүлдэг байв.
Хэрэглэгдэхгүй санаа бодол давсалсан гахайн өөх шиг хураагдаж, хоол унднаас хуримтлуулсан илчлэгээ зарцуулж амждаггүй харвин ихтэй хүн шиг оюун ухаан минь таргалж байлаа.
Харамсалтай нь энэ хорвоо дээр ямар ч нууцлаг юм алга. Энэ ертөнц нууцаар биш, харин чихэн доторхи чарлаанаар дүүрэн байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )