ТРЭНД| Оны онцлох хөгжилтэй үгс

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 31
  • 2018 он гарч 2019 онтой золгоход ердөө ганцхан хоног үлдээд байна. Яг энэ мөчид амжин оны онцлох үг, үйлдлийг уншигчдадаа эргэн сануулъя.  Энэ онд улс төр, нийгэм, эдийн засаг гээд бүхий л салбар онцлох үйл явдлуудаар дүүрэн байв. Тэдгээр үйл явдлаас үүдэлтэй онцлох үгсийн зарим нь  трэнд болтлоо олон нийтийн дунд "алдаршчээ".


Энийг яаж янзлах юм бол, аниа

Хэвлүүхэн бяцхан хүүгийн бичлэг 2018 онд сошиал орчныг давалгаалуулж чадлаа. NTV телевизийн бэлтгэсэн тэрхүү мэдээнд нэгэн хүү “Энүүгээр явахаар аймаар хэцүү байдаг. Хүмүүс халтирч уначих гээд, машин дугуй нь халтирч ирээд бид нарыг мөргөчих гээд байдаг. Тэгээд бид нар болгоомжтой явахыг хүсч байна. Энийг яаж янзлах юм бол, аниа” хэмээн асуусан нь олон хүнд нэгийг бодогдуулсан биз ээ. Улаанбаатар хотын хүн амын 80 орчим хувь нь амьдардаг гэр хорооллын гудамж, зам талбай цас, бороо орсон үед явган хүн бүү хэл машин ч зорчих боломжгүй болдог. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүд, ахмад настнууд халтирч унаад бэртэх, зам тээврийн осолд өртөх гээд аюултай байдлууд бий болдог билээ. Хүүгийн хэлснээр нийслэл хот зам талбайгаа хэзээ янзалж, багачууд төдийгүй иргэд маань айх аюулгүй зорчдог болох юм бол доо?

Яасан олон юм асуудаг юм...

УЕПГ-ын хяналтын прокурор У.Эрдэнэтуяа өөрөөс нь гурван асуулт дараалж асуусан нэгэн сэтгүүлчид хандан “Нэг асуулт асуу л даа чи, яасан олон юм асуудаг юм” хэмээн хэлснээрээ энэ оны "Онцлох зандралт" номинацийн эзэн болж байна. Энэ ч үнэхээр трэнд үг болж чадсан. Тэр бүр үзэгдэж харагдаад, баригдаад байдаггүй прокурор нартай нэг таарсных гэсэн шиг асуусан сэтгүүлчийн буруу байсан уу, камерын өмнө сэтгүүлчийг зандарсан, заасан прокурорын буруу юу гэдгийг энд шүүх нь илүүц биз. Ямартай ч энэ үйл явдлаас болж прокурор бүсгүй гурван сарын цалингаараа торгуулсан байдаг.

 Дэргэдэх эрдэнээ анзаардаггүй оны онцлох ах

Оны онцлох үйл явдал бол яалт ч үгүй ЖДҮ буюу Жижиг, дунд үйлдвэрийн зээл, түүний захиран зарцуулалт, түүнээс зээл авсан гишүүд байв. Тэр дотроос хуралдаа ирдэггүй нэгэн гишүүний дүү 950 саяын зээл авсан нь ил болов. “Мон Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү гишүүн дүүгийнхээ энэхүү зээлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуусан асуултад “Яасан хэцүү юм бэ, би төлчихнө өө. Та нар битгий санаа зов. Дээрээс нь би дүүдээ хоёр тэрбум төгрөг хүүгүй зээлье гэж хэлсэн. Хүн ер нь дэргэдэх эрдэнээ анзаардаггүй юм байна” хэмээсэн юм. Эрдэнэ болсон эгч, дүү нараа дахин бүү анзааралгүй өнгөрөөж, улсаас мөнгө автал нь битгий зовоогоорой гэж Б.Наранхүү гишүүндээ аминчлан захия даа. Мөн мөрөөрөө ажлаа хийж яваа ах нарыг дахин хөлдөө бүү чирээрэй.

“Бөрбэрри" өмсвөл ууртай болдог

Урсгал сөрж, түгжрэл үүсгэсэн буруутай гэгдэн, сошиалаар нэг бичлэг нь цацагдсан “ааштай” эмэгтэйн тухай одоо ч олон нийт мартаагүй л байгаа. Ямар сайндаа “бөрбэрри” /Burberry/ өмсөхөөр ууртай болдог гэх явган яриа газар авч байхав дээ. Бүсгүйн үйлдлийг мэдээж олон нийт зөвөөр хүлээж аваагүй. 2019 он түүнд аажуу тайван зан авчрах болтугай.

Хадны завсар хавчуулагдсан ХАЛИУНАА

“Миний хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Т.Зөнбилэгийг та бүхэн мэднэ. Уржигдар орой буюу Баасан гарагт 23-24 цагийн хооронд гэр лүүгээ орохоор шатаар өгсөж явтал араас нь хүн боосон байгаа юм. Боогоод татагдаад байж байхад нь урдаас нь нэг хүн гарч ирээд толгой руу нь төмрөөр хэд хэдэн удаа цохисон. Ингээд цохингуут мань хүн цохиж байгаа хүн рүүгээ тийрээд, арынхаа боосон хүнтэй арагшаа унасан байгаа юм. Энэ хооронд орилоон, хашгираан, ноцолдоон, түжигнээн болонгуут тухайн давхрынх нь хүн гарч ирсэн. Гарч ирэнгүүт нөгөө хоёр хүн нь хаяад, зугтаагаад алга болсон”

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн ордонд ийн мэдээлсэн билээ.

Харамсалтай нь, үйл явдал түүний ярьсан үлгэрээс огт өөр байсныг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээлсэн юм. Тэгэхээр Ж.Мөнхбат гишүүн яалт ч үгүй “Оны онцлох үлгэрчин” болж байгаа биз. Дээрээс нь тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ өөрийгөө “Хадны завсар хавчуулагдсан Халиунаа” хэмээсэн. Санаатай, санаагүйн алийг нь мэдэхгүй ч амнаасаа унагасан энэ үг нь хэсэгтээ сошиалд хөг нэмж, хөгжилтэй постууд бишгүй хөвөрсөн билээ.

“Түүнийг олсон боловч морио унаад зугтжээ”

Сошиал орчин ч нэг хэсэг морь унасан иргэдээр дүүрч орхив. “Түүнийг олсон боловч морио унаад зугтжээ” гэх тайлбартай зургуудыг ойлгоогүй нэгэн ч бий. Яг үнэндээ ийм зүйл болсон.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын Галуут багийн Оросын худаг гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д 12 дугаар сарын 02-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12 дугаар сарын 2-ны өдрийн 18:27 цагт ОБГ-т хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 23:55 цагт тус багийн Галуут нуур гэдэг газарт, иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтжээ. Энэ тухай хэвлэлүүд дээрх гарчигтай мэдээлсэн нь олон хүнийг "морь унахад" хүргэсэн юм. 

За яах вэ эээээээ......

АТГ-ын даргаараа оролдож байгаад алдас болох вий дээ. Гэхдээ түүний хэлсэн үг 2018 оны онцлох үгт багтахгүй өнгөрч даанч болохгүй. "Таныг Ерөнхийлөгч ажлаа хийхгүй байна гэж үзэж байна" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “За яах вэ, яахав. Бүгдээрээ л тэгж байгаа ш дээ. Хуульд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. Хэн, яаж дүгнэх нь тэр хүмүүсийн л асуудал” гэж хариулсан бол Таны бүрэн эрхийн хугацаа дууссан гэж байгаа гэх асуултанд “За мэдэхгүй ээ, хар дээр цагаанаар биччихсэн байгаа” хэмээн хариулсан юм. 31 секундын асуулт, хариулт түүнийг 2018 оны онцлох ТРЭНД ҮГС-ийн жагсаалтад багтаалаа. За яах вэ......

“Хөөрхий ХҮРЭНБУГА”

Дааганаас болж биш даравгараасаа болж уналаа даа гэх нэгэн хэлц бий. Хөөрхий Хүрэнбугад ийм л зүйл тохиолдсон. Нэг талаар хөгжилтэй мэт боловч тухайн гэр бүл учраа олсон байгаасай л гэж найдъя. Харин залуустаа хандаж хэлэхэд, хэрэг хуучирдаггүй гэдэг шиг гэр бүлээ битгий хуураарай. Үнэн юм модон улаатай ч гэдэг. Баригдах өдөр ирж, түмний шившиг болох вий. Харин “Хүрэнбуга” гэж юу яриад байгааг ойлгоогүй уншигч маань “Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд” гэх групп руу зочлоорой. Тухайн гэр бүлийг хүндлэх үүднээс бид болсон явдлыг бичихгүй байхаар шийдлээ.  

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.23) 2019 оны 01 сарын 03

USAN DOORH BICHIL HOTHON BAIGUULAMAAR YUM

0  |  0
зочин(112.72.11.111) 2019 оны 01 сарын 02

ярих уу яахав, болихуу г орхижээ

0  |  0
Top