Монголын хөрөнгийн зах зээлд БАС-гийн орон зай нээлттэй байна

2019 оны 02 сарын 13

Биржээр компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэлтэй адил хувьцаа нь чөлөөтэй арилжаалагддаг хөрөнгө оруулалтын санг Биржээр арилжаалагддаг сан /БАС, Exchange traded fund, ETF/ гэдэг. Биржээр арилжаалагддаг учраас ийм төрлийн сангийн хувьцаа буюу нэгж эрхийн хөрвөх чадвар өндөр, хөрөнгө оруулалтын менежментийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь бусад хамтын сангуудыг бодвол илүү хямд байдаг. Сангийн хөрөнгө оруулагчид нь өөрийн харилцах брокерийн компанидаа зөвхөн арилжааны шимтгэл л төлнө. Гэхдээ сангийн суурь хөрөнгийг шууд эзэмших боломжгүй, гагцхүү сангийн хувьцааг худалдах, худалдан авах зэргээр эрх нь хязгаарлагдана.

 

Ихэнх улс оронд БАС-гийн татварын зохицуулалт харьцангуй хөрөнгө оруулагчдад таатай байдаг. Бусад хамтын сангийн нэгж эрх эзэмшигч хувьцаагаа зарсан тохиолдолд үнийн зөрүүнээс татвар /capital gain tax/ төлдөг бол БАС уг татварт хамаарахгүй. Учир нь БАС-гуудын хөрөнгө оруулалтын багц хөрөнгөнд л татвар ногдуулдаг.

 

Энэ мэт давуу талууд нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээхэн татдаг бөгөөд сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээлд БАС-гуудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өсөж байна. Тухайлбал, PWC олон улсын аудит, хөрөнгийн үнэлгээний компаниас хийсэн судалгаагаар хойд Америк дахь БАС-гууд жилд дунджаар 23 хувийн өсөлтийг үзүүлж, 2021 он гэхэд эдгээр сангуудын нийт актив нь 5.9 триллион ам.долларт хүрэх төлөвтэй байна. Европын БАС-гууд 2021 он гэхэд жилд дунджаар 28 хувийн өсөлттэй гарах тооцоо хийгдсэн бөгөөд энэ нь хамгийн өндөр өсөлт болох юм. Азийн орнууд дахь БАС-гийн зах зээл 2021 онд жилд дунджаар 22 хувийн өсөлтийг үзүүлж, нийт хөрөнгийн хэмжээ нь 560 тэрбум ам.долларт хүрэхээр байна.

 

Одоогоор Монгол Улсын хөрөнгийн зах зээлд энэ төрлийн сан хараахан гарч ирээгүй байгаа бөгөөд энэ нь өндөр өсөлт бүхий санхүүгийн зах зээлийн томоохон орон зай нээлттэй байна гэсэн үг юм. Иймд Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг бодлогоор дэмжих, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтын санг оруулж ирэх, биржээр арилжаалагдаж буй бүтээгдэхүүн, тэдгээрийн төрлийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж, үэнт цаасны зах зээлийн дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top