Монголбанкнаас 2018 оны аравдугаар сарын 10-наас арванхоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 2 сарын хугацаанд “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяныг зохион байгуулсан. Аяны хүрээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх, Монгол Улс дахь төлбөрийн системийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, ирээдүйн хөгжлийн талаар олон нийтэд тайлбарлан сурталчлах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.
Хоёр сарын турш хэрэгжсэн аяны хүрээнд дараах үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулжээ.
Монголбанкнаас төлбөрийн системийн талаар баримталж буй бодлого, үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги, хууль, эрх зүйн орчныг нийтэд үнэн зөв, ойлгомжтой байдлаар тайлбарлах, таниулах;
Цахим төлбөрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамаарч түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх боломжтой финтек хөгжлийг дэмжих;
Бэлэн бус төлбөр тооцооны талаарх олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх;
Төлбөрийн системийн оролцогчдын хамтын ажиллагааг дэмжих. Аяны үйл ажиллагаанд Монголбанк, түүний орон нутаг дахь салбарууд, банкууд, Сангийн Яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Үндэсний төлбөрийн системийн гишүүн байгууллага, цахим гарын үсгийн төслийг хэрэгжүүлэгч байгууллага, АХБ-ны “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн нэгж, Улаанбаатар TEDxтэй хамтран ажиллажээ.
Тус аяны үеэр санхүүгийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн хурдацтай хөгжилд тулгуурлан төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлэх, шинэ үйлчилгээг сурталчлах арга хэмжээг амжилттай зохион байгуулсан нь бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх Монголбанкны бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Мөн Монгол Улсын үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, ирээдүйн хөгжлийн талаар олон нийтэд таниулан сурталчилсан нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Аяныг хэрэгжүүлснээр нэг талаас иргэд, харилцагч Монгол Улсын үндэсний төлбөрийн систем, финтекийн хөгжил, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл, цахим төлбөр тооцооны талаар нэгдсэн ойлголтод хүрч, нөгөө талаас төлбөрийн системийн оролцогч хоорондын үйл ажиллагаа идэвхжиж, хамтын ажиллагааг бэхжихэд дэмжлэг болсон гэж дүгнэж байна.
Сэтгэгдэл ( 0 )