Хувьцаат компаниуд ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ гаргах хугацаа өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болж байна. Энэ сарын 19-ний дотор хувьцаат компаниудын ТУЗ ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ гаргаж баталгаажуулах учиртайг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдсэн. Улмаар ирэх сарын 21-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлыг /ХЭХ/ хуралдуулах тухай шийдвэрээ гаргаж, 24-ний дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэнэ. Ингээд гуравдугаар сарын 26-ны дотор ХЭХ-ын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хувьцаа эзэмшигчдэд зарлаж, 31-ний дотор үнэт цаасны компани (ҮЦК)-уудад хүргэх журамтай. ХЭХ хуралдуулах тухай энэхүү зарыг дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх бөгөөд ингэхдээ анхны мэдээлсэн хэлбэр, агуулгыг өөрчлөхгүй гэдгийг СЗХ мэдэгдэж байгаа юм.
2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар “ГОВЬ” ХК, “БАЯН ТЭЭГ" ХК, “МОНГОЛ БАЗАЛЬТ” ХК, “ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА" ХК ногдол ашиг хуваарилах шийдвэрээ гаргасныг бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар /2019-02-19/ ногдол ашиг тараах шийдвэрээ гаргасан бусад компаниудын мэдээллийг хүргэе.
“МОНГОЛ ШУУДАН" ХК 468 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилна
"Монгол Шуудан" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №19/01 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 4.7 төгрөг буюу нийт 468 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
“МАХ ИМПЕКС" ХК нэгж хувьцаанд 120 төгрөгийн ногдол ашиг тараана
“Мах Импекс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №01 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 120 төгрөг буюу нийт 456 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн компанийн байранд мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна.
“ТАЛХ ЧИХЭР" ХК нэгж хувьцаанд 200 төгрөгийн ногдол ашиг хуваарилна
“Талх Чихэр” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 200 төгрөг буюу нийт 204.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн компанийн байранд мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )
Зөв. Ингэж ил тод мэдээлэх хэрэгтэй.