Синьхуа: Монгол-Хятад-Оросын ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР хэрэгжиж эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

 

БНХАУ-ын төрийн мэдлийн Синьхуа мэдээллийн агентлаг сүүлийн гурван жил яригдсан Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн коридорыг бүх талаар хэрэгжүүлнэ гэж мэдээллээ. Ялангуяа БНХАУ-ын Засаг захиргаанаас боловсруулсан “Бүс ба зам” хөтөлбөрийн чухал нэг хэсэг байна гэдгийг онцолжээ.

 

Одоогоос яг гурван жилийн өмнө буюу 2016 онд гурван улсын төрийн тэргүүн, холбогдох яамдын сайд нар гурван улсын эдийн засгийн корридор байгуулах санамж бчигт гарын үсэг зурж байсан юм. Энэ хугацаанд гурван тал хэд хэдэн удаа уулзан, Эдийн засгийн коридор байгуулах хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцсон билээ. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улс нийт 32 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Дээрх төслүүдийг задалбал зам тээврийн салбарын 13 төсөл, аж үйлдвэрийн салбарын хоёр төсөл, хил гааль, хорио цээрийн салбарын таван төсөл, байгаль орчны салбар, шинжлэх ухаан, боловсрол, технологийн салбар, хүмүүнлэгийн салбарын төсөл тус бүр гурав, эрчим хүч, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн тус бүр нэг хөтөлбөр батлагдсан байна.

 

Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төслийг Монголын талаас Гадаад харилцааны яам, ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын талаас Хөгжил шинэчлэлийн хороо хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн юм. Хөтөлбөрийн санхүүжилтийг төр, хувийн хэвшлийн түншлэлээс бүрдүүлэхээр болж, санхүүгийн нөөц эх үүсвэрийг олон улсын байгууллагаас бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Эх сурвалж: Синьхуа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г. Мухулай(87.123.203.122) 2019 оны 02 сарын 19

Хэзээ эхлэх юм бэ? Хулээсээр байтал нас хурэхгуй нь ээ. Битгий хулаа, еронхий ярьж байл даа!

0  |  0
Top